Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулжээ.

Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдөр (2020.08.28)-ийн хуралдаанааар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр “Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харъяалагдах Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан болно.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 3.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 3.5 тэрбум төгрөгийг зарцуулан, улсын төсвөөс 100 хувь санхүүжүүлсэн байна.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Төрийн албаны зөвлөлийн төсөв 2024 онд 7.5 тэрбум төгрөг байна. 2025 онд 12.5 тэрбум төгрөгийн урсгал зардлыг боловсруулаад явж байна.

Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 11.1-т Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллана гэж заасан учраас тусад нь төсвийн ерөнхийлөн захирагч байх боломжгүй байна. Цаашид хуулийн зохицуулалтаар Ёс зүйн хорооны төсвийг тусад төсөвлөх боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Тус байнгын хороонд харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан байна.

Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын даргын төсвийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд гурван тайлан нэгтгэсэн. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн насжилт өндөртэй авлагыг барагдуулаагүй, бараа, ажил үйлчилгээг бэлтгэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчиж шууд худалдан авалт хийсэн, төсвийг зориулалт бус зарцуулсан зэрэг 698.4 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх дөрвөн зөвлөмж өгсөн.

Хоёрт, Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн тайлант хугацаанд өр төлбөр үүсгэсэн, бараа материалын дансанд үндсэн хөрөнгө бүртгэсэн, байгууллагын үйл ажиллгааны хүрээнд бүрдүүлдэг өөрийн орлогыг төсвийн төсөлд тусгаагүй зэрэг 19.0 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх гурван зөвлөмж өгсөн.

Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 4 тэрбум 921.3 сая төгрөгийн гурван алдаа илэрснийг аудитын явцад залрууллаа. Гуравт, Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн. Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нягтлан бодох бүртгэл, анхан шатны баримтын бүрдэлтэй холбоотой 7.2 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх нэг зөвлөмж өгсөн.

Төсвийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн, эзэн холбогдогчгүй болж найдваргүй болох эрсдэлтэй авлагыг барагдуулах талаар арга хэмжээ авах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх төсвийн зарчмын дагуу жил бүр байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд бүрдүүлдэг орлогыг төсвийн төсөлд тусгаагүй, төсвийн төлөвлөгөөнд батлуулаагүй зөрчлийг арилгахад тус байнгын хороо аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулахыг зөвлөж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу