Хүмүүнлэгийн агентлагийн мэдэгдэлд дурдсанаар, Израилийн шалган нэвтрүүлэх цэгээс хэдхэн метрийн зайд Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тусламжийн машин руу удаа дараа буудсан тул Газын зурвас дахь үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Тус агентлаг мэдэгдэлдээ “Хэдийгээр Израилийн эрх баригчид ойртож очихыг зөвшөөрсөн ч тус улсын батлан ​​хамгаалах хүчний (IDF) шалган нэвтрүүлэх цэгийг чиглэн явсан машин руу шууд буудсан” гэж дурджээ.

Хүмүүнлэгийн агентлагийн мэдээлснээр, хуягт машины жолоочийн талын цонхонд олон тооны буюу дор хаяж 10 сум туссан байна. Машинд сууж явсан ажилчдын бие махбодид ямар нэгэн гэмтэл учраагүй аж. Изралийн зэвсэгт хүчнээс дээрх хэргийг шалгаж эхэлсэн талаар мэдэгдсэн байна.

Дэлхийн хүнсний хөтөлбөр нь НҮБ-ын хүнсний тусламжийн гол байгууллага бөгөөд бүслэлтэд байгаа Газад өлсгөлөнд нэрвэгдсэн иргэдэд хоол хүнс тарааж, тусламж үзүүлж буй юм.

Тус хөтөлбөрөөс “Агаарын үргэлжилсэн дайралт, Израилийн цэргүүдийн удаа дараагийн нүүлгэн шилжүүлэх тушаалуудын улмаас агентлагийн олон хүнсний агуулах, олон нийтийн гал тогооны өрөө хаагдаад байна” гэж мэдээлжээ.

Газын зурвас дахь Израилийн зэвсэгт хүчний тогтоосон “хүмүүнлэгийн бүс” улам багасч байгаа аж. Өнгөрсөн сард л гэхэд Изралийн батлан хамгаалах хүч энэ бүсийг 38 хувиар “танасан” бөгөөд “Газын нийт нутаг дэвсгэрийн аравны нэг гаруй хувийг л эзэлж байна” гэж CNN дүн шинжилгээ хийсэн байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу