Монгол Улсын Засгийн газар экспортыг эрчимжүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах хүрээнд шат дараалсан бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж буй.

Мөн төрийн өмчит компанийн засаглал, ил тод байдлыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр цаг үеийн шинжтэй шийдвэрийг шуурхай гаргаж хэрэгжүүлсний үр дүнд 2020 онд 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 онд 7.0 хувийн өсөлттэй гарсан талаар танилцуулсан.

Нийт 16 сая тонн болж уналтад ороод байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 сая тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоосон. Эдгээр бодлогын нөлөөгөөр төсвийн орлогын төлөвлөгөө сүүлийн дөрвөн жил тасралтгүй давж биелжээ.

2024 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 14,947.1 тэрбум төгрөгт хүрч, жилийн батлагдсан дүнтэй харьцуулахад 54 хувийн биелэлттэй байна.

2024 оны эхний 6 сарын нэгдсэн төсвийн орлогын гүйцэггэл (тэрбүм төгрөг)

Эхний хагас жилийн орлогын гүйцэтгэлийг өмнөх оны мөн үеийн орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 3,887.9 тэрбум төгрөгөөр буюу 35.2 хувиар өсчээ. Үүнд, эдийн засаг идэвхжиж, гадаад худалдааны эргэлт сайжирч, нүүрсний экспорт 40.6 сая тоннд хүрч, улмаар уул уурхай болон тээвэр, үйлчилгээний салбарын орлого өсөж, үүнээс  улбаалан аж ахуйн нэгжүүдийн борлуулалт сайжирсан нь голлон нөлөөлсөн байна.

Төсвийн орлогын хүлээгдэж байгаа гүйцэтгэл

Макро эдийн засгийн нөхцөл байдал, үндсэн үзүүлэлтүүд, энэ оны эхний хагас жилийн орлогын гүйцэтгэлд үндэслэн, 2024 оны нэгдсэн төсвийн орлогыг шинэчлэн тооцжээ.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн орлого 30,639.5 тэрбум төгрөгт хүрч, батлагдсан дүнгээс 2,917.4 тэрбум төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого 28,872.5 тэрбум төгрөгт хүрч, батлагдсан дүнгээс 3,017.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байгааг дахин сануулъя.

2024 оны нэгдсэн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл (тэрбум төгрөг)

Засгийн газар төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр худалдааны эргэлт, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой байлгах боломжтой. Хилийн боомтын нэвтрэх чадварыг сайжруулах, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлснээр энэ онд нүүрсний экспортыг түүхэн дээд хэмжээнд буюу 78.1 сая тонн хүргэх зорилт тавин ажиллах аж.

Ингэснээр уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого 9 орчим их наяд төгрөгт хүрнэ гэж тооцлоо. Цаашид 2024 онд төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд:

Уул уурхайн бүтээгдэхүүний ил тод, нээлттэй худалдааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана;

Гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, голлох хилийн боомтын хүчин чадал, хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ;

Татварын ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр татварын бүртгэл, хураалтыг сайжруулан, далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Төсвийн урсгал зарлагын хүлээгдэж байгаа гүйцэтгэл

Төсвийн нийт урсгал зардал 2024 онд 22.4 их наяд төгрөгт хүрэхээр байна. Үүний:

59.4 хувийг төрөөс иргэдэд олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, болон хуульд заасны дагуу тарифаар гүйцэтгэлд үндэслэн санхүүждэг эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс,

16.9 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал,

14.4 хувийг бусад салбарын цалин хөлс нэмэгдэл, урамшууллын зардал,

5.3 хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр

4.0 хувийг төрөөс иргэн, аж ахуй нэгжид олгох хөнгөлөлт татаас тус тус эзэлж байгаа аж.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу