Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийжээ.

Аудитын шатгалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Тавантолгой түлш” компанид 15 гэрээг үндэслэн 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон ч уг мөнгийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон байна.

Энэ талаар Үндэсний аудитын газраас “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийхэд тус компани “Тавантолгой түлш” ХХК-д 15 гэрээг үндэслэж, 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байсан. Энэ нь зээл, татаас биш, санхүүжилт. Санхүүжилтийн үр дүнг хянаж үзэхэд “Тавантолгой түлш” ХХК уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон.

Мөн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байх магадлалтай гэдэг үндэслэлээр Төрийн аудитын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Ерөнхий аудитороос Ерөнхий прокурорт хандаж, эл хэрэг нь гэмт хэргийн шинж чанартай эсэхийг магадлаж өгөхийг хүссэн. Ерөнхий прокуророос энэ асуудалд хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.

“Тавантолгой түлш” ХХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийхэд хөрөнгө оруулалтын асуудал, өмч хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулсан эсэх асуудал зөрчилтэй байсан. Улмаар хязгаарлалттай дүгнэлт өгсөн байгаа. Тус компанид гарсан зөрчилтэй холбогдуулаад хариуцлага тооцох албан шаардлагыг тухай бүрт нь өгч, хуулийн байгууллагад ч мэдэгдэж байсан.

Үндсэндээ “Тавантолгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” компанитай байгуулсан гэрээний дагуу авсан эргэн төлөгдөх, урт хугацаатай хөрөнгийг Барилгын тухай хууль, барилгын норм дүрэмд заасан шаардлага хангаагүй төсөл арга хэмжээнд, зарим мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах шийдвэр гарган, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол үүсгэсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, тус компанийн барилга анхны ТЭЗҮ, зураг төслөөсөө өөрөөр баригдсан гэдэг зөрчил юм” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу