Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хувьсгалын гудамж буюу Зурагтын замыг сүүлийн арав гаруй жил засварлаагүй ээ. Үүний улмаас иргэд автомашин, эд хөрөнгөөрөө хохирсоор ирсэн.
Саяхнаас явган хүний зам дагуу боржин чулуун замын хашлагыг байршуулжээ. Энэ нь иргэдийн бухимдлыг нэлээн төрүүлж байна.
Уг нь үнэтэй чулуун боржин бэлдэж байхаар хичээл сургууль эхлэхээс өмнө замаа зассан бол хэрэгтэй байлаа хэмээн иргэд ярьж байлаа.
С.Бат-Үүлийг хотын дарга байх үед энэхүү замыг засаж шинэчилж байжээ. Харамсалтай нь одоог хүртэл засвар хийгдээгүй бөгөөд тоотой хэдэн нөхөөс хийж байсан нь борооны усанд угаагдаж, том машины дугуйнд эвдэрсээр өнөөдрийг хүрсэн байна.
Зуны турш сэлүүхэн сайхан байсан гэх Зурагтын зам өнөөдөр хөл толгой нь олдохгүй их машинтай, тоос шороо манарсан газар болоод буй. Үргэлжлэн орсон бороо, том оврын машин зэрэг хүчин зүйлээс гадна яалт ч үгүй хуучирсан зам болоод ч тэр үү тойрохын аргагүй их нүх үүсжээ.
Том, өндөрхөн машин дайран гарах бол жижиг машин хамар, цээжээ цохиж хөмсгөө зангидан гарахаас өөр аргагүй аж. Уг замаар Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалаа, Даландавхар гэх мэт олон чиглэлийн иргэд зорчдог нэлээдгүй ачаалалтай зам юм. Гэтэл замын эвдрэлээс болж олон жилийн турш автомашин, эд хөрөнгөөрөө хохирсоор ирсэн.
Уг замын ачаалал өглөө оройдоо их хэмжээгээр нэмэгддэг нь ч замын эвдрэлтэй шууд бусаар холбоотой. Удаан явж нүх тойрох боломжгүй бөгөөд хурдан явбал машинаа эвдэх аюултай. Иймээс зуслангийн болон хойд бүсээс ирж буй иргэд нэлээдгүй цаг хугацааг энэхүү зам дээр өнгөрөөдөг байна.
Энэхүү асуудлын хүрээнд тухайн замын засварын ажлыг гүйцэтгэж буй тодруулахад, автозамын засварын ажил энэ наймдугаар сарын 28нд эхэлсэн, аравдугаар сарын нэгэнд дуусна гэлээ. Зурагтын шинэ эцсээс Эх нялхсын уулзвар хүртэлх бродюрийг бүрэн сольсны дараа замын хучилтыг гүйцэтгэх юм байна.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу