Эдийн засагч Ц.Лут-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-УИХ Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Гурван их наядаар тэлсэн төсвийн тодотгол тэр чигээрээ батлагдсан. Түүхэнд байгаагүй “өндөр” дүнтэй төсвийн тодотголын талаар  та ямар бодолтой байна вэ?

-Яагаад, ямар зорилгоор гурван их наядаар нэмэгдүүлсэн бэ гэдгээс ярих нь зүйтэй байх. Угаасаа МАН эрх барьж байхдаа энэ жилийнхээ төсвийг хийсэн байсан. Төсөвтөө урд нь огт байхгүй байсан “Шинэ хоршоо”, “Бүсчилсэн хөгжил” гээд хоёр том хөтөлбөр оруулж, сонгуульд зориулаад, мөнгийг нь гаргаад явчихсан. Эргээд Төсвийн тухай хууль зөрчсөн хэрэгт орохгүйн тулд төсвийн тодотгол хийх шаардлагатай болж байгаа юм.

Хоёрдугаарт, Ардчилсан нам, ХҮН нам засагт ороод ирэхээр Намаас санаачилсан үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлтүүд орсон. Засгийн газар 21 үйл ажиллагааны шинэ хөтөлбөр нэмүүлээд, дандаа хүмүүст таалагдах, гоё сонсогдох хөтөлбөр санаачлаад, мөнгийг нь тавина гээд ороод ирж байгаа юм.

Сонин сонин юм байгаа л даа. “Өөдөө тэмүүлэх Монгол” нэртэй ган гүүр гэж байгаа юм. “Хөшигийн хөндийн туннель”, шинэ тойрог зам, хурдны зам, бүсийн хөгжил Шинэ Хархорум хот гээд. Тэр байтугай Засгийн газар нь өөрсдөө “Солонго” хороолол гээд орон сууцны хөтөлбөр яриад ороод ирж байгаа байхгүй юу.

Дарханы зам чинь зургаан жил Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкнаас мөнгө аваад үргэлжилсэн. Гэтэл тэр дуусаагүй, маш өндөр өртөгтэй замын төсөл байтал тэр зам дээр мөнгө гаргана гээд, төсвийн тодотголд орж байна. Бид энэ Засгийн газартай хариуцлага тооцох ёстой. Хоёр нам Засагт хамтраад орсон учраас бид төсвийн зардлага нэмэгдэж байгааг шүүмжлэхээс өөр аргагүй болоод байна.

-Монгол Улс жил болгон төсвөө тодотгодог. Өнгөрсөн жилтэй харьцуулбал энэ жилийн төсвийн тодотголын гол эрсдэл юунд бий гэж та бодож байна вэ? 

-Төсвийн доторхи зарлагуудыг нэг бүрчлэн шүүмжилж болно л доо. Гэхдээ том зургаар нь харах хэрэгтэй. Төсвийн улс орноо хөгжүүлэх макро бодлого нь ямар байх юм бэ. Яаж тогтвортой байлгах вэ гэдэг алсын хараагаа бид алдчихаад байна. Бидний төсвийн зорилго юу вэ гэхээр, нэгдүгээрт, улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих, хоёрдугаарт, хүмүүсийн амьдралыг сайжруулах шүү дээ. Эрх барьж байгаа нам ард түмэнд таалагдаад, дараагийн сонгуульд ялах гээд, төсвийн зорилго нь гажаад яваад байна. Тийм учраас хэрэгжсэн, хэрэгжээгүй гоё сонсогдож байгаа төсвийг ашигтай ч байсан, ашиггүй ч байсан, хэрэгжүүлж чадах үгүйгээ ч мэдэхгүй мөртлөө мөнгө тавиад явчихаж байна.

-Нийт 21 хөтөлбөр 120 их наядын өртөгтэй гээд бодохоор түүхэнд байгаагүй том дүнтэй болжээ. Энэ асуудал дээр юуг онцлох вэ? 

-Тиймэ Гэтэл хэдэн жил энийг хэрэгжүүлэх вэ, ямар мөнгөөр хийх вэ гэдэг тодорхойгүй. Төсвийн зарлагаа харахаар сүүлийн найман жил гурав дахин өссөн. Сүүлийн дөрвөн жилийг яривал бүр хоёр дахин өссөн. Энэ хэмжээгээр бидний амьдрал сайжирсан уу, хүмүүсийн бодит орлого нэмэгдсэн үү гэхээр үгүй байна. Сангийн яам Засгийн газар юу гэж авч үзэж байна вэ гэхээр, төсвөө орж байгаа орлогын хэмжээгээр нэмэгдүүлээд явдаг. Энэ нь бодитой тооцоотой, эдийн засгийн урт хугацаанд тогтвортой байх уу гэдгийг харах ёстой.

-Зарлагаа нэмснээр эдийн засагт ямар ямар эрсдэл учрахаар байна вэ?

1970-аад оны эхээр дэлхий даяар эрчим хүчний хямрал болсон. Нефтийн үнэ түүхэнд байгаагаагүйгээр 10 дахин өссөн. Энэ хэрээр нефть олборлодог Ази, Африк, Латин Америкийн орнууд зарлагаа маш их тэлсэн. Үүний хамгийн том жишээ бол Нигери улс. Үндэсний хэмжээний маш том хөтөлбөрүүд санаачилсан. Хурдны зам, галт тэрэг, үсрэнгүй хөгжил яриад, маш олон төслийг төсвийн мөнгөөр санхүүжүүлээд явсан. Газрын тосны үнэ тогтвортой байгаагүй, оргил үедээ хүрээд, буцаад унасан. Унахдаа анх байсан топ түвшнээсээ бараг дөрөв дахин унасан.

Гэтэл нэгд, Засгийн газар нь орлогогүй, төслөө үргэлжлүүлж санхүүжүүлэх боломжгүй болсон. Хоёрдугаарт, төсөв тэлсэн байсан. Хүмүүст зарж байсан буюу төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжуудын зардлаа дийлэхээ болиод, дефолт болсон. Хүмүүсийн амьдрал эргээд тогтвортой байх бус, харин бүр ажилгүйдэл, ядуурал руу ордог.

Сүүлийн дөрвөн жилийг ярья л даа. Бидний эдийн засагт өсөлт гарчээ. Гэхдээ энэ өсөлт бүтээмжийн өсөлт биш, ерөөсөө л орц, гарцын өсөлт. Бид хэдий хэмжээний нүүрс гаргаж байна, түүний үнэ нэмэгдэж байна уу гэдгээс хамаарч төсөвт орж байгаа орлого нэмэгдсэн болохоос нэг хүний эксковаторын гаргаж байгаа нүүрсний хэмжээ нэмэгдээгүй. Бид уурхай дээр 100 эксковатор ажиллаж байгаад 100 тонн нүүрс гаргадаг байсан тэр л хэвээрээ, өсөөгүй байна. Ажилчид, техник тоног төхөөрөмжийн тоо буураагүй, бүтээмж нь өсөөгүй. Гагцхүү дэлхийн зах зээл дээр гаргаж байгаа нүүрсний үнэ өндөр байсан тул бидний гаргаж байгаа нүүрсний хэмжээ өссөн. Тэгэхээр энд бүтээмжийн өсөлт харагдахгүй байгаа юм.

Хоёрдугаарт, Засгийн газрын хөрөнгө оруулалт дандаа хэрэглээ чиглэлтэй. Соёлын төв, ахмадын сувилал, залуучуудын өргөө, хуримын ордон гээд. Энэ хэрээр албан хаагчдын тоо, зардал нэмэгдэнэ. Гэтэл эдийн засгийн бодит өсөлтийг нэмэгдүүлэх учиртай дэд бүтэц, эрчим хүч, дулаан хангамж руу чиглэсэн Засгийн газрын хөрөнгө оруулалт байхгүй байна.

-БОДИТ ӨСӨЛТ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЭЦ, ЭРЧИМ ХҮЧ РҮҮ ЧИГЛЭСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАЙХГҮЙ БАЙНА-

Засгийн газар эрчим хүчний яамнаас илүү Соёлын яам руу их төсөв тавьчихсан. Соёлын яам нь Монголыг сурталчлах өдөр, контент бүтээж байна гээд баахан мөнгө зардаг. Яг тэр хэмжээгээр Монголд орж ирж байгаа жуулчдаа хүлээж авах онгоцны тоо, зам, галт тэрэг, зчид буудлын боломж хэр байгаа вэ гэхээр ерөөсөө өсөөгүй байна. Ерөөсөө хоосон, лоозогносон бодлого яваад байна.

Засгийн газрын хийж байгаа ажил бол тэд “пи-ар”-чин л болсон. Соёлын яамнаас гарч байгаа зардлын дийлэнх нь Засгийн газрыг магтан сурталчлах, пропаганда, хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү, сэтгүүлчид, төрийн бус байгууллага, тэр байтугай сошиалын инфлүүсерүүдэд хүртэл мөнгө төлөөд яваад байна. Энэ мэдээж хэрэг бидний бодит амьдралд сайнаар нөлөөлөхгүй. Харин өөрсдийгөө л хуурч байна.

-“Олон хавар нэгэндээ” гэдэг. Монгол Улс Төсвийн хүрээний мэдэгдэл гэх дунд хугацааны бодлогын баримт бичгээ 2021 онд 3 удаа, 2022 онд 2 удаа, 2024 онд 3 удаа өөрчилсөн нь Засгийн газар тооцоо судалгаагүй, алсын хараагүй бодлогын баримт бичиг оруулж ирдэг болсны баталгаа юм. Төсвөө эрсдэлтэй баталдаг муу зуршил дефолтод оруулах вий гэж болгоомжлох олон хүн байна. Таны бодлыг сонсъё?

-Дэлхий даяар геополитикийн нөхцөл байдал хүнд байна. Нэгд, Украинд болж байгаа дайны үйл явц ойрын нэг, хоёр жилдээ зогсохгүй, магадгүй шатлан өргөжих шинж чанартай, дор хаяж гал зогсоохгүйгээр бие биетэйгээ байлдаад, дайн зогсохгүй байдалтай. Хоёрдугаарт, энэ дайны байдал геополитикийн хувьд хүчний харьцааг бие биедээ дайсагнасан хоёр туйл руу хуваах гээд байна.

Хятад, Орос, Иран гэсэн нэг чиглэлтэй, нөгөө нь барууны улсууд. Энэ нь өөрөө эдийн засгийн чөлөөт худалдаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гинжин холбоог таслаад, дэлхийн худалдаа өөрөө их өндөр өртөгтэй болох юм байна. Илүү өртөгтэй байсан ч геополитикийн талаас өөрсдөдөө найрсаг оронтой худалдаа хийж, тэндээс хамаг нийлүүлэлтээ авна гээд эдийн засгийн харилцааны өөрчлөлтөд оруулж байгаа юм. Тэгэхээр зардал өснө.

-Урд хөрш Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, үзүүлэлтүүд тааруу байна. Бидэнд төлөвлөсний дагуу орлогоо биелүүлэх боломж байна уу? 

-Бидэнд Хятадын дотоодын эдийн засгийн байдал хамгийн их нөлөөтэй. Хятадын сүүлийн үеийн хөрөнгийн, санхүүгийн захын мэдээнээс харвал, дандаа хөрөнгийн гарах урсгал явагдаад байна. Гадаадынхан Хятадаас хөрөнгө оруулалтаа их татаж байна. Дотоодын хөрөнгө оруулалтынх нь хэмжээ буурч байна. Угаасаа Хятадын дотоодод дефляц явагдаад эхэлсэн. Хятадын Засгийн газраас энийг тэтгэхийн тулд дандаа мөнгө цутгах, дахин төрийн өмчиййн компаниудаар дамжуулан зээл олгох, төрийн өмчийн банкуудаар дамжуулаад хөрөнгө оруулахыг захиргаадах байдлаар чиглүүлэх, мөн хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийн уналтууд явагдаад байна. Гэтэл банкууд, төрийн өмчийн компаниуддаа хувьцаа худалдаж авах, зарахгүй байхыг захиран тушаах байдлаар цаг хожих тиймэрхүү л процесс явагдаад байна л даа. Яг эдийн засгийн мөчлөгийг харвал, эдийн засгийн өндөр өсөлт зогссон. Хөрөнгө оруулалтууд хасах руугаа орсон, барилга орон сууцны үнэ буурч байгаа таагүй мэдээллүүд гараад байгаа юм.

Бидний экспортод гаргадаг хамгийн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ унаж эхэлж байна.  Алтны үнэ өндөр байна. Яагаад гэхээр геополитикийн байдлаас болоод алт аль ч хямралын үед хамгийн найдвартай хөрөнгө оруулалт, хөрөнгийг хадгалах зөв хэрэгсэл байсаар ирсэн. Алт бол түүхэн дээд хэмжээндээ яваад байгаа юм.

Ирэх оноо харвал, манай валют олдог хамгийн гол нүүрсний үнэ буурна гэж таамаглал дэвшүүлмээр байна. Монголоос авч байгаа нүүрсний хэмжээ ч өсөхгүй байх магадлалтай. Бид 70 сая тонн гаргана, нэг тонныг нь 140 ам.доллароор зарна гээд. Одоо 120 ам.доллар байна. Хэрвээ Хятадад хямрал болвол яах вэ, мөн дайны байдал дэлхийг хамраад эхэлвэл яах вэ гээд эрсдэл зөндөө байна. Бид гэтэл маш өөдрөгөөр төсөөлөөд. Яг хөдөөний сэтгэхүйгээр төслүүдээ нэрлээд байгаа байхгүй юу.

-Жишээлбэл?

-Сумын, тосгоны юм үзээгүй залуу жаахан мөнгөтэй болонгуутаа сагадаг шүү дээ. Өөдрөг төсөөлөлтэй, “Өөдөө тэмүүлэх Монгол” төсөл гээд нэрлэчихсэн ч байх жишээтэй. Засгийн газрын хөтөлбөр нь “Хурдтай хөгжлийн төлөө зориг”. Би үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. “Болор цом” яруу найргийн наадам шиг уянгалсан байж болохгүй шүү дээ. Засгийн газрын албан ёсны хөтөлбөр бодит тооцоо дээр суурилсан байх ёстой. Их хийсвэрлэсэн, уянгалсан байвал мэргэжлийн бус гэж харагддаг.

-ЗАСГИЙН ГАЗАР ИРЭХ ЖИЛЭЭС ЭХЛЭЭД ЗӨВХӨН ХҮҮНД 1 ИХ НАЯДЫГ ТӨЛНӨ-

-Сангийн сайд Б.Жавхлангийн чадвар, сэтгэлд эргэлзэж буй хүн олон. Ийм “аймаар” төсөв оруулж ирчихээд, яаж хэнэг ч үгүй сууж чадаж байна аа гээд. Яагаад тэр хүн эрсдэлээс айхгүй байна вэ?

-Сангийн сайд төсвийн зарлагаа нэмэгдүүлсэн, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ хууль урд нь олон улсад гарсан муу жишээн дээр үндэслэж, анх Чилийн Засгийн газрын хуулиас санаачилж хийсэн хууль. Олон оронд хэрэгждэг. Ялангуяа төсвийн хэт замбараагүй зардлаасаа болоод хямралд орсон улсууд, жишээлбэл Чили жишээ аваад, энэ хуулийг анх санаачилж хэрэгжүүлсэн. Манайд 20 гаруй жил ашиглаж байгаа байх.

Гэтэл бид энэ хуулинд 17 удаа өөрчлөлт оруулжээ. Дандаа төсвийн зардал дээр тавьсан хязгаарлалтыг дээш нь нэмэгдүүлдэг. Өрийн таазаа нэмэгдүүлэх чиглэлтэй өөрчлөлтүүд оруулсан. Гэтэл одоо Сангийн сайдын оруулж ирсэн хуулийн өөрчлөлт нь хязгаарлалтыг ер нь байхгүй болгож байгаа юм. Нэрийг нь өөрчлөөд, хязгаарлалт ашиглахгүй байх хуурсан өөрчлөлтүүд орж ирж байна. Нэгдүгээрт, төсвийн суурь зарлага гэж хаана ч байдаггүй юм гаргаж ирсэн.

Гаднын зээл тусламжаар, үнэт цаасаар өр тавьж байгааг Засгийн газрын зардал дээр оруулахгүй байх ийм заалт оруулаад ирсэн. Тэнцэл дээр тооцохгүй байх. Энэ бол байж болохгүй заалт. Засгийн газрын зардлын нэлээн өндөр хувь нь хүүгийн төлбөр болж хувирч байна. Өр зээлэндээ бид нэлээн мөнгө зарцуулна. Энэ Засгийн газар ирэх жилээс эхлээд зөвхөн хүүнд 1 их наядыг төлнө.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хүртэл төсвийн тодотголыг өргөн барьсных нь дараа олж авсан байсан. Парламентын шинэ гишүүд 14 хоногт хоёр том боть төсвийн төслийг яаж уншиж амжих вэ дээ. “Яаралтай горимоор” оруулж ирсэн шалтгаан юунд байна гэж та хэлэх вэ?

-Тийм. Угаасаа сүүлийн хоёр жил хуулийг батлахдаа хууль зөрчдөг, хуулийг өргөн барихдаа хуулиа зөрчиж оруулж ирдэг “хуулийн хулгай” замбараагүй боллоо. Төсвийг олон нийтээр хэлэлцүүлэх ёстой. Мэргэжлийн байгууллагуудаас санал авах ёстой. Тийм учраас төсвийн тодотгол ч гэсэн адилхан явах ёстой. Эдийн засагч нараар хэлэлцүүлэх ёстой. Ямар эрсдэлүүд, боломжууд байна вэ гээд тодорхой модель гаргаад, эдийн засагч нар энэ дээр тооцоо хийх ёстой байхгүй юу.

Сангийн яам төсвөө олон нийтэд танилцуулахдаа дандаа зурган буюу PDF хэлбэртэй, хүмүүсийг аль болохоор “Та нар битгий судлаарай”, “Битгий бөөрийг нь гаргаж үзээрэй” гэсэн зорилготой гаргадаг. Сангийн яам энийгээ одоо болих хэрэгтэй. Ичмээр шүү дээ. Шүүмжлэлийг хүлээж авахгүй байх зорилготой дандаа ингэж тавьдаг.

-УИХ өнгөрсөн Баасан гарагт төсвийн тодотголыг яаран сандран батлаад, ээлжит бус чуулганаа хаачихлаа. Хэт тэлсэн төсөв баталсан, биднийг ямар эрсдэл хүлээж байна вэ?

-Яаралтай горимоор, Их хурлын гишүүдийн дийлэнх нь уншаа ч үгүй кнопоо дарсан байх. Үр дагаврыг нь ерөөсөө ойлгохгүйгээр хууль баталдаг, түүнийгээ Сангийн яам ч тодорхой ойлгуулахгүйгээр өөрсдийнх нь дураар, төсвөө өргөн барьдаг байдлыг бид зогсоох ёстой. Эрсдэлийг нь Засгийн газар, гишүүд хүлээхгүй, ачаа нь жирийн иргэд дээр л очно.

Манай ирэх жилийн төсвийн орлого, зарлага нэлээн эрсдэлтэй болно. Орлогыг дандаа өөдрөгөөр төсөөлж ирсэн. Тэр алдаагаа давтаж байна. Илүү зардал аль хэдийнэ гаргачихсан гэдэг утгаараа төсвийн тодотголоо гурван их наядаар нэмэгдүүлчихэж байна.

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХЭТ ЭМЗЭГ, ЧАНАРЫН БУС, ТООНЫ ӨСӨЛТ-

-Үнэхээр харамсалтай санагдаад байх юм. Сөрөг хүчин байх ёстой Ардчилсан нам, дээр нь ХҮН нам хамтраад явчихаар “Хэн намайг хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэгч болчихож байх шиг? 

-Төсвийн тухай хууль зөрчсөн хариуцлагыг нь хэн ч ярьж чадахгүй байна. Засагт хамтарсан намууд одоо Засгийн газрынхаа бодлого, оруулж ирсэн төслүүдийг шүүмжлэх утгагүй болчихож байгаа юм. Тэгэхээр хараат бус эдийн засагчид, төрийн бус байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд л парламент дотор сөрөг хүчний ажил хийж, олон нийтэд ойлгуулах хэрэгтэй болж байна. Мөн олон улсын байгууллагууд гадаадад байгаа байгууллагуудад энэ бодит байдлыг ойлгуулж, гаднаас шахалт үзүүлэхгүй л бол хууль зөрчих байдал газар авлаа.

-УИХ төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх үеэр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын гишүүд эдийн засагчид, шинжээчидтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ үеэр Б.Энхбаяр эдийн засагч “Монголын эдийн засаг мөчлөгтэй. Өсөлт, уналт нь гаднаас хамаардаг. Уналтын мөчлөг маш ойрхон ирчихээд байна. Гэтэл бид одоо тогтвортой гээд сууж байна” гэж халаглан өгүүлж байсан. Уналтын мөчлөгтэй нүүр тулбал яах вэ? 

-Санал нэг байна. Яагаад гэхээр, манайд эдийн засгийн өсөлт гарах нь гарсан. Энэ өсөлт маш эмзэг, тооны өсөлт болчихсон, чанарын өсөлт биш. Эдийн засаг руугаа маш их хөрөнгө оруулалт хийж, худалдан авалт хийгээд, хүчээр хэрэглээг нэмэгдүүлээд, эдийн засгийг дэмжиж явсан энэ арга угаасаа явцгүй болоод, үйлчлэхээ болино гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ Засгийн газрын хэт их зарлага өөрөө эдийн засгийг тэтгэж явсан.

Гэтэл одоо Засгийн газрын орлого түүхий эдийн үнээс шалтгаалаад буурчихвал зарлага нь гарч чадахаа болино. Нөгөө талдаа хувийн хэвшлийн идэвхжил харагдахгүй байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ялангуяа гаднын хөрөнгө оруулалт гэж ерөөсөө байхаа больсон. Зөвхөн “Оюутолгой” дээр л гаднын хөрөнгө оруулалт бий, бусад хөрөнгө оруулалт яригдахгүй, харагдахгүй байна.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөл их оновчтой дүгнэлт гаргаж, санал зөвлөмжүүд өгсөн байсан. Та уншсан байх?

-Тийм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтүүдтэй би санал нэг байна. Эрсдэлүүдийг нэлээн сайн харсан.

-Эдийн засагч Б.Лакшми “Төсвийн орлого одоо төсөөлж байгаа шиг эерэг байхгүй. ОХУ-ын талаас шатахуун, эрчим хүчний асуудал хүнд байхаар байна. Эрсдэлээ бодитоор тооцоосой” гэж хэлсэн. Одоо, цаашид юун дээр анхаарах зайлшгүй шаардлагатай вэ? 

-Засгийн газрын орлого, зарлагыг тооцоолохдоо хэт өндөр төсөөлдгөө, эрсдэлийн ямар нэгэн нөөц байхгүйгээр төлөвлөдгөө л больчих хэрэгтэй. Энд Эдийн засгийн хөгжлийн яам ерөөсөө ажлаа хийхгүй байгааг шүүмжилмээр байна. Олон улсын хөгжлийн загвар модель хийгээд, одоо Засгийн газрын санаачилж байгаа төсөл, хөтөлбөрүүд богино болон дунд хугацаандаа манай гадаад худалдааны болон төлбөрийн баланс дээр яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Одоо бид их гоё төслүүд санаачлаад байгаа шүү дээ. “Солонго 1, 2” төсөл. Засгийн газар орон сууцны төсөлд мөнгө гаргах шаардлагагүй. Хувийн хэвшил хийх боломжтой. Засгийн газар энэ дээр зарлага гаргаснаараа дандаа барилгын материалын импортыг дэмжиж байна. Тэгэхээр бидний худалдааны балансад сөргөөр нөлөөлнө. Мэдээж энэнд зориулаад гаднаас зээл авахаар яригдаж байна. Энэ нь төлбөрийн балансад урт хугацаандаа сөрөг нөлөөтэй.

Гаднын улсад бид өртэй болж, урт хугацаанд валютын ханшид ч нөлөөлөх асуудлууд бий. Энийг модель болгоод, энэ төслүүд Монгол Улсын эдийн засаг, мөчлөгт яаж нөлөөлөх вэ, Засгийн газрын бодлого мөчлөгийн эсрэг яаж явах вэ гэдэг ерөөсөө харагдахгүй байгаа юм.

-ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛӨӨ ШАНТААЖЧИДААС ХАМГААЛАХГҮЙ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ-

-УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ээлжит бус чуулганы хуралдаан дээр ирэх жилээс “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт дуусч, Монголд жил бүр орж ирдэг 2 тэрбум ам.доллар зогсож, ажилчдын тэн хагас нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэж мэдээлсэн. Эдийн засагт нэмэр болж буй ганц том төсөл гээд бодохоор өсөлт тодорхой хэмжээгээр буурах болов уу? 

-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт дуусч, гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалт, техник хэрэгсэл, ажиллах хүчний тоо багасна. Мэдээж төслийн худалдан авалтын зардал буурна. Нөгөө талаар, гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээ, АМНАТ-аар орж ирдэг татварын орлогын хэмжээ нэмэгдэнэ. Тэгэхээр “Оюутолгой” төслөөс эдийн засагт таагүй нөлөө гарахгүй байх гэж бодож байна.

“Оюутолгой” төсөл тогтвортой явж байвал бидэнд сайн. Хамгийн гол нь дэлхийн геополитикийн эрсдэлээс болоод, зэс алтны үнэ, мөн худалдан авах зах зээл дээр, хаашаа гаргах вэ гэдэг дээр асуудал үүсчихгүй л бол “Оюутолгой” төсөл явдгаараа явна. Бид “Оюутолгой” төслөө хамгаалахгүй бол ганц орж ирсэн гаднын хөрөнгө оруулалт руугаа дайрч, шантааж хийдэг хүмүүс байна. Засгийн газар үнэхээр гэрээ байгуулаад, эрхийг нь өгсөн бол гэрээнийхээ дагуу эрх ашгийг нь хамгаалах ёстой. Гэтэл шантаажчидаас хамгаалахгүй байгаа нь харамсалтай.

-Ажилчид нь цалингаа нэмүүлэх гээд байсхийгээд л ажил хаялт зарлахаа мэдэгдэж, “айлгаад” байдаг. Цаад учир нь юу юм бол? 

-Угаасаа Хөдөлмөрийн тухай шинэ хуулиар цалин нь буурч л таарах юм билээ. Хөдөлмөрийн хууль ажилчдын эрх ашгийг их хамгаалдаг болсон. Тэр чиглэлээр өөрчлөгдсөн. Угаасаа ажиллах цаг нь буурсан. Тийм учраас уурхай дээр ээлжээр ажилладаг хүмүүсийн цалин мэдээж хэрэг буурах нь тодорхой.

-Хэрвээ та Сангийн сайдын оронд байсан бол төсвийн 3 их наядын тэлэлтийг хамгийн түрүүнд юунд зарцуулах байсан бэ?

-Монгол Улсын хөгжлийг боомилоод буй төсөл, хөтөлбөрүүдэд л зарцуулна. Тэр нь эрчим хүч, ус, усан хангамж. Бид эрчим хүчээр дутагдаж байна. Улаанбаатар хотын хамгийн том асуудал утаа. Багануурт барьж байсан цахилгаан станцаа зогсоочихоод, 10 гаруй жил болж байна. 600 мвт-ын цахилгаан станц аль хэдийнэ гаднын хөрөнгө оруулалтаар босгох гэж байсан. Тэрнийгээ яагаад сэргээж болохгүй байгаа юм бэ.

Мөн Багануурынхаа нүүрсийг хийжүүлээд, нүүрсний синтетик хий гаргаад, түүнийгээ түлш болгоод, мөн халаалтын хий болгоод, Улаанбаатар хотыг яагаад нүүрсний утаанаас салж болохгүй байгаа юм бэ.

-Эрчим хүчний салбар “элгээрээ хэвтлээ” гэж салбарынхан мэдээлсээр ирсэн. Үнэ тарифыг нэмж өөрчлөх цаг болсон гэж та бодож байна уу? 

-Засгийн газар болгон попроод, эрчим хүчний үнийг бага байлгана гэдэг бодлогын үүднээс эрчим үчний үнийг хэт хязгаарласан. Нүүрс олборлодог станцаас эхлээд тээвэрлэх, дамжуулах, түгээх гээд бүгд өрийн сүлжээнд орчихсон. Эдийн засгийн бодит харилцааг нь гажуудуулчихсан, ашиггүй байлгадаг симтем болчихоод байгаа юм.

Эрчим хүчний салбарыг ашигтай ажиллуулахын тулд үнийг нэмэх шаардлагатай. Хоёрдугаарт, эрчим хүчний салбар дандаа төрийн өмчийн компани дээр суурилж байна. Төрийн өмчийн компани гэдэг дандаа үр өгөөжгүй явдаг, тэрний ард дандаа авлига, хулгай байдаг. Тэгэхээр бид эрчим хүчнийхээ салбарыг хувьчлах асуудлыг л ярих ёстой. Эрчим хүчний дунд хугацааны хөтөлбөрөө хүчингүй болгосон. Түүнийгээ буцааж сэргээх ёстой.

“2050” гэж хэт алсыг харсан, яаж хүрэх нь тодорхойгүй гоё зураглал руугаа эрчим хүчний салбарын бодлогоо тэр чигээр нь оруулаад, богино дунд хугацааны хөтөлбөрүүд нь алга болчихсон, тодорхойгүй болсон, тэрнийгээ буцааж сэргээх ёстой. Тэрэн дээр дурдсанаар, эрчим хүчний түгээх, үйлдвэрлэх, нүүрс олборлох энэ талбарууд аль хэдийнэ хувьчлагдсан байх ёстой байхгүй юу.

-Эх сурвалжийн хэлж буйгаар, эрчим хүчний салбарынхан үнэ нэмэх талаар санал оруулсаар ирсэн ч энэ жил “Ерөнхий сайд сонгуулийн үр дүнд нөлөөлнө, одоо л биш шүү” гэж хэлсэн байсан. Эрчим хүчний үнэ нэмлээ гэхэд өрхийн эдийн засагт хэр их нөлөөлөх бол? 

-Хүмүүсийн бодит зардал дээр эрчим хүчний зардал өчүүхэн хувийг эзэлж байгаа юм. Орон сууцанд амьдардаг хүнд 20 мянган төгрөгийн л эрчим хүчний зардал гарч байгаа шүү дээ. Энэ нь нэг өдрийн л хоолны мөнгө. Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээс болоод хүмүүс тэр намын эсрэг дугуйлна гэдэг хоосон, өөрсдөөсөө айсан болгоомжлол гэж хэлмээр байна.

-Та үе үеийн Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээн шүүмжлэлтэй хандаж, үзэл бодлоо чөлөөтэй, шударга илэрхийлдэг. Үүний хариуд танд ямар нэг байдлаар дарамт шахалт ирж байв уу, одоо ирж байна уу? Эрх баригчдад “хэл амтай” хүнийг дуугүй болгох сонирхол байх шиг санагддаг…

-Дарамт шахалт ирдэггүй, ирдэггүй. Гэхдээ миний сошиал хаягуудыг байнга, өдөр болгон репортолдог. Миний сошиал хаягийг л хаачихмаар санагдаад байдаг юм шиг байна лээ (инээв.сурв)

-Х сүлжээ (Твиттер)-ний хувьд гайгүй юу? 

-Твиттер лүү хэн репорт явуулсан гээч? Манай Харилцаа холбооны зохицуулах хороо. Миний хаягийг Твиттер лүү репортолсон байгаа байхгүй юу. Ичмээр шүү дээ. Засгийн  газар нь иргэнийхээ хаягийг гадаадын аппликейшнд “ховлоод”, “Энийг хааж өгөөч” гэж байгаа юм.

-Та эх орондоо сэтгэл дүүрэн, хангалуун амьдарч чадаж байна уу? 

-Хангалуун амьдарч чадахгүй байна.

-Хамтарсан Засгийн газар нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж амалсан. Боломжтой юу? 

-Мэдэхгүй… Их гоё гоё хөтөлбөр санаачилдаг. Тухай тухайн үедээ хүмүүст их таалагдсан. Жишээлбэл, “Цахим” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийнх нь үр шим ерөөсөө гарахгүй байна. Анхнаасаа цахим болоод, төрийн албан хаагчдын тоо цөөрнө гэдэгт би итгээгүй. Өнөөдөр буураагүй байна. Хөтөлбөр гарахад 190 гаруй мянга байсан, одоо 200 мянга болоод нэмэгдчихсэн.

Хуучин ажиллаж байсан төрийн албан хаагчид албан тушаалдаа хэвээр байна. Гэтэл дээр нь дахиад “Цахимынхан” гээд нэмэгдээд ороод ирсэн. Үр дүн харагдахгүй байна. Цахим болоод, хүмүүс мэдээлэл авах, хугацаа хэмнэсэн дэвшил бол бий. Төрийн албан хаагчид цөөрөөгүй. Төрийн өмчийн компаниудыг шинээр бий болгосоор байна. Гэтэл авлига, хулгай дахиад л нөгөө төрийн өмчийн компаниуд дээр байгаад байна.

Уг нь төрийн өмчийн компаниудыг шинээр байгуулахгүй байх санаачлагууд гарсан. Тэрийгээ л хэрэгжүүлмээр байна. Татан буулгах, хувьчлах хэрэгтэй. Одоо Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн компанийн захирлыг шууд томилчихдог болж байна.

-Сонгон шалгаруулалтгүй юу? 

-Тийм, сонгон шалгаруулалт байхгүй болсон. Жишээ ярья л даа, “Монголросцветмет”-ин даргаар Д.Тогтохсүрэнг тавьсан. Сонгуульд өрсөлдөөд ялагдсан, УИХ-ын гишүүн байсан хүнийг төрийн өмчийн компанийн захирлаар шууд тавьчихаж байна. Ийм байж болох уу. Засгийн газар сонгон шалгаруулалт гээд өөрөө их гоё юм ярьдаг, попордог,  гэвч тэрнийхээ эсрэг ажиллаад байна.

-МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 30 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ 8 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ БАЙХ БОЛОМЖГҮЙ-

-Дээр асуух гээд орхижээ. Төсвийн тодотгол эдийн засгийн хэтийн зорилттой хэр уялдаж байгаа бол? 

-Эдийн засгийн хэтийн зорилго байгаа юм уу?

-Байхгүй гэж үү? 

-Би “2050” гэдэг мөрөөдлийн буюу хүслийн жагсаалтыг л мэднэ. Энэ оны тодотгол дээр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр дээр яг л адилхан түүнийг дагаад хүслийн жагсаалт болж орж ирсэн. Энэ “2050” гэдэг өөрөө их шүүмжлэх баримт бичиг. Угаасаа тэр тооцоо нь худлаа, боломжгүй. Монгол Улсын эдийн засаг 30 жилд тасралтгүй 8 хувийн өсөлттэй байх боломжгүй. Хэн хийсэн юм бол, тэр хүмүүсийг би шүүмжилмээр байна.

Энэ бол “Болор цом”-д өөдрөг зохиол бичээд шалгарчихдаг тийм зүйл биш. Засгийн газрын ч биш, энэ чинь Монгол Улсын хөгжлийн баримт бичиг болоод хувирчихсан байхгүй юу. Тэгээд бүх намыг энэ хөтөлбөрийн дагуу мөрийн хөтөлбөрөө боловсруул гэдэг. Энэ нь өөрөө дэлхийн зарчмаас тусдаа, социал демократ, халамж ярьсан замаар явах ёстой юм шиг бүгдийг шахсан, маш буруу. Үндсэн хуулиа ч зөрчсөн үйл явдал болсон.

Богино хугацааны Засгийн газрын мөрийн хөтөлбөр байна. Дунд хугацааны алсын бодлогын баримт бичиг гэдэг маань нэг байх боломжжгүй. Яагаад гэвэл тэр бодлогыг хэрэгжүүлэх намууд өөр өөр замаар, тухайлбал богино замаар, хурдацтай юм уу, эсвэл гаднын хөрөнгө оруулалтыг түшээд хүрэх эцсийн зам нь монгол хүмүүсийн амьдрал, орлого сайжрах л байх ёстой.

Засгийн газар дандаа хэмжих боломжгүй, “Гоё болно”, “Хурдацтай хөгжинө”, “Зориг гаргана” гэж битгий дахиж яриасай гэж би бодож байна. Энэ бол дандаа хөдөө тосгоны, сумын юм үзээгүй залуугийн мөрөөдөл шиг сонсогдоод байдаг юм.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тухайд та нэмж юу хэлэх вэ?

-Иргэн зүгээр сууж байх, Засгийн газар өмнөөс нь хөдлөөд, бүгдийг сайн сайхан амьдруулж, жаргаачих юм шиг төсөөлөөд биччихсэн байна. Ямар ч шаардлага байхгүй. Төр оролцох шаардлагагүй бүх юмыг өөрсөн дээрээ нааж, хийнэ гэж амалсан. Сонгуулийн энэ мэт амлалтыг хуулиар бид хаахгүй л бол болохгүй нь.

Хүмүүс ч гэсэн хараад, уншаад “Худлаа даа” гэдгийг нь мэддэг, “За яах вэ дээ, манай хотод, дүүрэгт иймэрхүү юм хэрэгжчихвэл хэрэгтэй юм даа” гэж хардаг. Бие биенээ хуурдаг, хулхины системдээ бид өөрсдөө эргэлдээд байна шүү дээ.

МАН-ын мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн дөрвөн жилд тооцоолоод, сөрөг хүчин нь ч, эдийн засагчид нь ч ярьсангүй. Иргэд хариуцлага ч тооцсонгүй. Бид худал хуурмагтай эвлэрээд яваад байна. Ингэж болохгүй.

-Таны бодлоор Хамтарсан Засгийн газар хэр “урт настай” бол?      

-Маш богино настай. 126 гишүүнтэй болж тоог нэмэгдүүлсэн нь зөв гэж бодож байна.  126-аас Засгийн газрын гишүүдээ томилсон мөртлөө энэ Засаг чинь өөрөө унах гээд байна шүү дээ. Гомдогсод зөндөө байна. Буруу гэдгийг нь шүүмжилж байгаа гишүүн олон байна. Энэ бол их зөв хандлага гэж бодож байна.

Угаасаа Оюун-Эрдэнийн Засгийн газар анхнаасаа зөв чиглэл рүү явсан бол хүмүүс ингэж шүүмжлэхгүй. Бас Засгийн газрыг унагаах асуудал яригдахгүй байх байсан. Гэтэл угаасаа л төсвөө хийсвэрээр төсөөллөө, уянгалсан мөрийн хөтөлбөр оруулаад ирэхээр хүмүүсийн дургүй хүрч байна.

-Баярлалаа. Танд амжилт хүсье. 

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу