Европын холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррелл “Европын холбоо Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөөс олсон орлогыг Украин руу тусламж болгон илгээж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг бид хэдийнэ ашиглаж эхэлсэн бөгөөд 1.4 тэрбум еврог Украин болон Европын холбооны орнуудын цэргийн хангамжид зориулж илгээсэн” гэж хэлсэн байна.

Боррел “Европын холбооноос Киевт туслах арга хэлбэрээ өөрчилсөн” гэж нэмж хэлжээ. Тус холбоо өмнө нь улс орнуудад нийлүүлэлтийн нөхөн төлбөр өгч байсан бол өдгөө Оросын царцаасан нөөц хөрөнгөөс олсон орлогоос урьдчилан санхүүжилж эхэлсэн байна.

Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Лейен долдугаар сарын 26-нд Европын холбоо Москвагийн 1.5 тэрбум еврогийн битүүмжлэгдсэн хөрөнгөөс олсон орлогоос эхний хэсгийг цэргийн тусламж хэлбэрээр Украин руу шилжүүлж байгаа талаар мэдээлжээ. Өмнө нь тэрбээр эдгээр хөрөнгийн 90 хувь нь батлан ​​хамгаалахад, 10 хувь нь Украиныг дахин сэргээхэд зориулагдана” гэж тэмдэглэсэн аж.

Хадгаламжийн “Euroclear” компани өнгөрсөн долдугаар сард 2024 оны эхний хагаст Оросын битүүмжлэгдсэн хөрөнгөөс 3.4 тэрбум еврогийн хүү авч, 1.55 тэрбум еврог Украины Европын холбооны санд шилжүүлнэ гэж мэдэгджээ. Мөн тус компани Бельгийн төрийн санд 836 сая еврогийн аж ахуйн нэгжийн татвар нэмж төлөх аж.

Украинд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Европын холбоо болон G7-гийн орнууд Оросын валютын нөөцийн бараг тал хувь буюу ойролцоогоор 300 тэрбум еврог царцаасан. Европын холбоонд 200 гаруй тэрбум евро хадгалагдаж байгаагийн ихэнх нь дэлхийн хамгийн том төлбөр тооцоо, клирингийн системүүдийн нэг болох Бельгийн “Euroclear” компанийн дансанд буй аж.

Москва энэ “шийдвэр”-ийг хулгай гэж үздэг. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “Хөрөнгийг хураагаагүй ч менежментээс олсон ашгийг ашигласан нь хууль бус үйлдэл” гэж онцолж байжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу