БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливантай уулзахдаа “Хятад, Америк дэлхийн энх тайван, тогтвортой байдлын эх сурвалж, хөгжлийн хөдөлгүүр болох ёстой” гэж  мэдэгджээ.

Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, Ши Жиньпин “Хятад, АНУ хоёр том улсын хувьд дэлхийн энх тайван, тогтвортой байдлын эх сурвалж, хамтын хөгжлийн хөдөлгүүр болохын тулд түүх, ард түмэн, дэлхийн өмнө хариуцлага хүлээх ёстой” гэж хэлсэн байна.

Тэрбээр дэлхий ертөнц өөрчлөгдөж, үймээн самуунтай байгаа энэ үед улс орнууд хуваагдаж, сөргөлдөхөөс илүү нэгдэж, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Ши Жиньпин “Хүмүүс хаалттай байдал, ухралт бус харин нээлттэй байдал, дэвшлийг хүсч байна” гэж хэлсэн байна.

Салливан наймдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Хятадад айлчилж буй. Түүний айлчлалын хүрээнд талууд Хятад, Америкийн стратегийн харилцааны шинэ үе шатыг эхлүүлжээ.

Салливан, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар Тайванийн асуудал болон Хятад, Оросын хамтын ажиллагаа, Вашингтоны санаа зовниж буй асуудлаар ярилцсан талаар өмнө нь мэдээлж байв. Салливан мөн Хятадын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Юшятай уулзсан байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу