Кремлийн хэвлэлийн албанаас “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 3-нд Монголд айлчилж, дурсгалын арга хэмжээнд оролцож, хэлэлцээ хийнэ” гэж мэдээлэв.

Путин Халхын голд Японы милитаристуудыг ялсны 85 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.

ОХУ-ын төрийн тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар тус улсад айлчилна. Хоёр удирдагч Орос-Монголын харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлаар санал солилцоно.

Талууд хоёр талын баримт бичигт гарын үсэг зурна гэж тэмдэглэсэн байна. Мөн УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нартай ярилцах төлөвлөгөөтэй байгаа аж.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын өнөөдөр өглөө мэдээлснээр, Путин Владивосток хотноо есдүгээр сарын 3-наас 6-нд болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцох юм байна.

“RIA Novosti” агентлаг “1939 оны хавар япончууд БНМАУ, Манжуурын хил дээр өдөөн хатгалгаа эрчимжүүлжээ. Тавдугаар сарын 28-нд Японы 2.5 мянган цэрэг БНМАУ-ын улсын хилийг зөрчиж, Халхын голын зүг давшиж эхэлсэн.

1936 оны харилцан туслалцах протоколын дагуу БНМАУ-ын нутаг дэвсгэрт байрлах Зөвлөлтийн 57-р тусгай корпус Монголын анги нэгтгэлүүдийн хамт түрэмгийлэгчдийг няцааж, тавдугаар сарын 29-ний өдөр гэхэд БНМАУ-ын нутаг дэвсгэрээс хөөн гаргажээ. 1939 оны есдүгээр сарын 15-нд ЗСБНХУ-Японы хооронд энхийн хэлэлцээр байгуулагдсан” гэж нэмж мэдээлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу