Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2019-2024 оны эхний долоон сарын байдлаар, скүүтер болон цахилгаан дугуйнаас (suron) үүдэлтэй осол гэмтлийн шалтгаанаар нийт 539 үйлчлүүлэгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүний 25 (4.6 хувь) нь хэвтэн эмчлүүлсэн байна.

Нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол үлдсэн нь насанд хүрэгчид аж. Эдгээрээс 22 (88 хувь) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүний 63.6 хувь нь 0-18 насны хүүхэд юм байна.

Энэ төрлийн осол гэмтэлд 10-19 насныхан илүү өртөж буй төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18 хувь, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувиар тус тус тэргүүлж байгаа аж.

Бүртгэгдсэн тохиолдлуудыг шалтгаанаар нь ангилж үзвэл:

▪️ Цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх 492 (84.2 хувь)
▪️ Цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх 59 (10.1 хувь)
▪️ Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлж гэмтэх 25 (4.3 хувь)
▪️ Цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх 7 (1.2 хувь)
▪️ Цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх 1 (0.2 хувь) байна.

Скүүтер болон цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 480 (82.2 хувь) нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу