Удаан хүлээсэн онгоцууд Украинд ирснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа буюу Даваа гарагт АНУ-д үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоц осолдож, Украины шилдэг нисгэгч амиа алдсан талаар Украины цэргийн эх сурвалж CNN агентлагт мэдээлжээ.

Эх сурвалж “Украины Батлан ​​хамгаалах хүчин энэ хэргийн тухайд нисгэгч алдаа гаргасан гэдэгт итгэхгүй байна” гэж нэмж хэлсэн байна.

Тэрбээр “Сарны загас” гэгддэг нисгэгч Олексий Мес Оросын Украины эсрэг хийсэн “хамгийн том агаарын довтолгоо”-г эсэргүүцэж тулалдаж байхдаа ослоор амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Нисгэгчийг Пүрэв гарагт хөдөөлүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц сүйрсэн шалтгааныг шалгаж буй бөгөөд шалгалтын ажиллагаанд олон улсын шинжээчдийг урьж оролцуулахаар төлөвлөжээ.

Украины зэвсэгт хүчний жанжин штабаас Пүрэв гарагт Оросын довтолгоог эсэргүүцэж, хэд хэдэн F-16 онгоцыг зенитийн пуужингийн ангиудад байрлуулснаа мэдэгджээ. Тус штабаас “Дараагийн бай руу ойртох үед нэг онгоц холбоо тасарсан. Хожим онгоц осолдсон нь тодорхой болж, нисгэгч нас барсан” гэж мэдээлсэн байна.

Нисгэгч нас барсан нь Украины хувьд томоохон цохилт болжээ. Анхны F-16 онгоцууд энэ сарын эхээр Украинд ирсэн бөгөөд “Сарны загас” тэднийг жолоодохоор бэлтгэгдсэн цөөхөн нисгэгчдийн нэг байсан аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Мягмар гарагт “Украины Агаарын цэргийн хүчин Даваа гарагт Оросын хөөргөсөн пуужин, нисгэгчгүй онгоцуудыг устгахын тулд F-16 онгоцыг ашигласан” гэж хэлснээр Украины албаны хүн анх удаа тус онгоцыг байлдааны ажиллагаанд ашиглаж байгааг баталжээ.

Киев F-16 сөнөөгч онгоцуудыг авахын тулд удаан хүлээсэн. Зеленский Украин Оросын эсрэг довтолж эхэлснээс хойш барууны холбоотнуудаасаа сөнөөгч онгоцууд нийлүүлэхийг гуйсаар ирсэн билээ.

Гэвч бусад тоног төхөөрөмжийн нэгэн адил барууны орнууд Украинд F-16 сөнөөгч онгоц өгөхөөр тохиролцохоосоо өмнө эргэлзэж байв. Нидерланд, Дани улсууд 2023 оны зуны эхээр тэдэнд өгөхөө амалсан ч АНУ тус онгоцуудыг ногоон гэрэлтүүлэгтэй болгоход дахин хэдэн долоо хоног зарцуулжээ.

Украины хэсэг нисгэгчид өнгөрсөн намар АНУ-д F-16 онгоцны сургуулилт хийсэн байна. Бүрэн дадлагажиж, онгоц жолоодохын тулд олон жил шаардагддаг ч “Сарны загас” тэргүүтэй нисгэгчид зургаан сарын дотор тус онгоцыг жолоодож чаддаг болох даалгавар авчээ.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу