УИХ-ын чуулганы ээлжит бус нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Парис 2024” 17 дахь удаагийн паралимпын наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч сорьж, алтан медаль хүртсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт У.Сүрэнжавд баяр хүргэж, цаашдын спортын ажилд нь амжилт хүслээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 81.7 хувь дэмжсэнээр төсвийн тодотгол эцэслэн батлагдлаа.

Хуралдаанаар яг одоо Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцуулаад, хэлэлцэн баталж өгөхийг хүслээ. 

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.СОРОНЗОНБОЛД: -Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангаас нэг зүйл асууя. Мөнгөн хөрөнгө дээр 2023 оны сүүлээр 12 их наяд төгрөг байршиж байна. Энэ мөнгөний хэдэн хувь нь Монголбанкан дээр, хэдэн хувь нь арилжааны банк дээр байршсан бэ?

Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.ТАВИНЖИЛ: -Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангаар илэрхийлэгдсэн 12 их наяд төгрөгийн 4.5 их наяд төгрөг (35 хувь) нь Монголбанканд байршиж байна. Энэ нь улсын төсвийн орлого, төсөвт байгууллагуудын үлдэгдлээс бүрддэг.

Монголбанк дахь Төрийн сангийн нэгдсэн дансны үлдэгдэл. Үлдсэн 7.5 тэрбум төгрөг нь төрийн өмчит компаниуд харъяа улсын үйлдвэрийн газруудын арилжааны банк дахь харилцах дансны үлдэгдэл байна. Үүнд, ялангуяа “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг томоохон компаниудын мөнгөн хөрөнгө нэлээн далайцтай хэсгийг эзэлж байна.

УИХ-ын гишүүн Л.СОРОНЗОНБОЛД: –Төсвийн 4.5 их наяд төгрөгийг арилжааны банканд байршуулсан бол арилжааны банк цааш нь зээлэх байхгүй юу. Төсөвт төвлөрүүлэх, татварын орлого нэмэгдэх боломжтой. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн дэмжих боломжтой эх үүсвэрийг заавал Монголбанканд байршуулаад байгаа нь буруу юм биш үү?

Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.ТАВИНЖИЛ: -Монгол Улсын Засгийн газраас Төрийн сангийн тогтолцоог 2002 онд нэвтрүүлсэн. Үүгээр бид бүх төсөвт байгууллага, улсын төсвийн дансыг Монголбанк дээр нэгдсэн дансанд байршуулж, төлбөр тооцоог нь хийж байна.

Засгийн газрын Төрийн сангийн тогтолцоог дагаад Засгийн газрын Санхүүгийн удирдлага, мэдээллийн систем нэвтрүүлсэн. Энэ нь бүх төсвийн байгууллага, улсын төсвийн зарлага, санхүүжилт, гүйлгээг хийдэг тогтолцоо. Монгол Улсын 330 сум, есөн дүүрэг, 21 аймаг, бусад яамд дээр цахимаар гүйлгээ хийдэг. Гол данс нь Монголбанк дахь улсын төсвийн данс юм.

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу