“Тавантолгой түлш” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын ажил зогсож, 44.6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, объект хэрэггүй болсон гэх мэдээлэл цахим сүлжээгээр тарсан билээ. 

Тодруулбал, “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, түүхий эдийн тасралтгүй байдлыг өөрийн эх үүсвэрээр хангах, ашиг олж, үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зорилгоор нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлсэн.

Уг төслийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Тавантолгой түлш” компанид өнгөрсөн хугацаанд 44.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Гэвч барилгын ажил зогссон гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар “Тавантолгой түлш” компаниас тодруулахадМанай компани уг төслийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 90.7 тэрбум төгрөгийн, нийт 10 ажлын гэрээ байгуулсан. Үүнээс 44.7 тэрбум төгрөгийн зургаан гэрээт ажил бүрэн хийгдсэн. 20.1 тэрбум төгрөгийн дүн бүхий нэг гэрээт ажил огт хийгдээгүй, хойшлогдсон.

Харин 25.9 тэрбум төгрөгийн гурван гэрээт ажилд гүйцэтгэлээр 9.3 тэрбум төгрөг олгосон боловч тус компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй. Тиймээс хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар хандаад байна.

Одоогийн байдлаар нүүрс баяжуулах үйлдвэрийн дэд бүтэц болох төмөр зам, усан болон цахилгаан хангамж, зэрэг ажлууд хийгдэж дууссан. Үндсэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, барилга, байгууламжийн ажлууд бүрэн хийгдээгүй байна. Энэ дэд бүтцийн ажлууд нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн хүрээнд хийгдсэн хэдий ч компанийн үндсэн үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд тархаад байгаа 44.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үр ашиггүй зарцуулсан гэх мэдээлэл бодит байдалд нийцэхгүй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч 2023 оны нэгдүгээр сард Ажлын хэсэг байгуулсан. Уг Ажлын хэсэг “Тавантолгой Түлш” ХХК-тай 2022 онд байгуулсан санхүүжилтийн гэрээнүүдийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөлтэй холбоотой гэрээнүүдэд илэрсэн зөрчил дутагдлуудыг шалгуулахаар Сангийн яам, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагад хандсан байна. Тиймээс холбогдох шийдвэр гартал “Эрдэнэ Тавантолгой” ХК нэмэлт санхүүжилт олгоогүй” гэсэн мэдээлэл өглөө. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу