АНУ-ын Дэд ерөнхийлөгч, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис Палестин-Израилийн мөргөлдөөний талаар ярихдаа “Дайн дуусах ёстой” гэж хэлжээ.

Тэрбээр өнгөрсөн Пүрэв гарагт CNN телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Энэ дайн дуусах ёстой” гэж хэлсэн байна.

Харрис мөн Израиль-Палестины мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд “хоёр улс шийдэлд хүрэхийн төлөө ажиллах” шаардлагатай хэвээр байна гэж мэдэгджээ.

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч “Хэрвээ ерөнхийлөгчийн сонгуульд ялбал мөргөлдөөнийг зогсоохын тулд Израильд нийлүүлж буй зэвсгийн нийлүүлэлтийг хязгаарлахад бэлэн үү” гэсэн асуултад шууд хариулаагүй бөгөөд Израилийн эрх баригчдыг дэмжиж буйгаа дахин илэрхийлсэн байна.

Харрис “Би Израилийн өөрийгөө хамгаалах хүсэл зорилгыг тууштай дэмжиж байна. Энэ бодол өөрчлөгдөхгүй” гэж хэлжээ.

Палестины радикал хөдөлгөөний “ХАМАС” бүлэглэлийн дайчид 2023 оны аравдугаар сарын 7-нд Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хил орчмын суурингийн оршин суугчдыг хөнөөж, 250 хүнийг барьцаалсны дараа Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс дордсон.

Үүний хариуд Израиль ХАМАС бүлэглэлийн цэрэг, улс төрийн бүтцүүдэд цохилт өгөн устгаж, хулгайлагдсан бүх хүнийг суллах зорилгоор Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

Израилийн Батлан ​​хамгаалах яам 2024 оны хоёрдугаар сарын сүүлээр Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш бараг гадаад болон дотоодын үйлдвэрлэгчдээс 10 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж авснаа мэдээлжээ.

“Кан” радио сарын дараа “Израиль бие даасан зэвсгийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд зэвсэг, түүхий эд олж авах өөр арга замыг эрэлхийлж байна” гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу