УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж байна.

“ТӨРИЙН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮНЭХЭЭР ЧАМЛАЛТТАЙ БАЙНА”

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:

-Системийн нөлөө бүхий таван банкны нэг нь Төрийн банк, төрөөс маш их дэмжлэгтэй. Дэд захирлаас нь ямар амбицтай тэнд очсон, дараагийн амбиц чинь юу байна вэ гэж асуусан. Тайлангаа уншиж өгчихөөд, “Би ашигт ажиллагаанд хүргэсэн” гээд гараад явчих юм. Системийн нөлөө бүхий хамгийн муу ашигт үзүүлэлттэй яваа нь Төрийн банк.

“Дургүй ламыг дарж сахил хүртээсэн аятай” хүмүүсийг хугацаагүйгээр, ямар ч хариуцлагагүйгээр томилоод, ажиллуулаад байна. Жишээ нь, энэ банкан дээрээ дахиад ярья.

Яг ижилхэн гараанаас гарсан байж магадгүй. 2013 оноос байгуулагдсан цагаас нь эхлээд ярихад, ижилхэн баланстай байсан хоёр банк нэг нь цахимжаад, ашгийн хэмжээ нь 290 тэрбум төгрөг, чанаргүй зээлийнх нь хэмжээ 4.5 хувь болсон байна. Манай Төрийн банкных 42.8 тэрбум буюу бараг 6 дахин бага, чанаргүй зээлийнх нь хэмжээ 6.2 буюу өндөр гэсэн үг.

Энэ дээр төсвийн ерөнхийлөн захирагч нар гэдэг юм уу, 6726 хуулийн этгээд дарга томилж буй хүмүүс анхаарахгүй бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 77.9 хувь нь аудитын дүгнэлтээр хязгаарлалттай орж ирээд байна. Тайлбар, асуудлыг нь сонсохоор “Бид журмынхаа хүрээнд ажиллаж байна” гэсэн байдлаар хариулаад байна. Жишээлбэл, Монголбанк дээр.

Журмаа сайжруулах тал дээр бас анхаарч, хичээж ажиллахгүй бол 6726 компанид зориулж УИХ ашигтай ажилла, сайн ажилла гэсэн хууль баталж өгөх боломжгүй биз дээ.

6726 компанийг хувьчлахыг нь хувьчлаад, нэгтгэхийг нь нэгтгээд, нэг талд нь гаргахгүй бол төр өөрөө хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд, маш том үйл ажиллагаа явуулаад байдаг. Энэ нь ямар ч үр дүнгүй, урсгал зардал, хөрөнгө оруулалт гараад яваад байгаа юм. Энэ дээр үнэхээр чамлалттай санагдаад, энэ байгууллагуудад анхааруулж, хариуцлагатай ажилла гэж хэлмээр байна.

Уг нь Ерөнхий сайд, хамтарч буй гурван намын дарга, Засгийн газрын бусад гишүүд хангайн бүсийн гишүүдтэй уулзаж, санал сонсоход нь хэлсэн. “Мэргэжлийн байгаад өгөөч ээ”, “Мэргэжлийн хүмүүсийг томилооч ээ” гэж. Дээрээс нь үр ашигтай.

Гэрээ байгуулахдаа ямар ч хугацаагүйгээр, “дургүй ламыг дарж сахил хүртээгээд”, тэнд нь мөнхлөөд байна. Төрийн банкны үйл ажиллагаа үнэхээр чамлалттай байна.

Яг энэ жишгээр бусад бүх салбараа хариуцлагажуулаад, үүрэгжүүлээд, хугацаатай гэрээ байгуулаад ажиллая гэж хэлэх гэсэн юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу