УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаан дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төр аж ахуй, үйлчилгээний бизнес хийхгүй байх чиглэлээр тогтоолын төсөл санаачлах ажлын хэсэг байгуулагдаж байгаа талаар мэдээллээ.

“ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН СОНИРХОХГҮЙ, ХИЙХГҮЙ БАЙГАА, АШИГ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДЫГ АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ”

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН: -Төрийн өмчит үйлдвэрийн газрын тоо эрс буурах зайлшгүй шаардлагатай болсон. УИХ-ын даргын захирамжаар төр аж ахуй, үйлчилгээний бизнес хийхгүй байх чиглэлээр тогтоолын төсөл санаачлах Ажлын хэсэг байгуулагдаж байна.

Төр 2023 оны дүнгээр авч үзвэл, 12 их наяд төгрөгийн худалдан авалт хийж байна. Түүнийхээ 7 их наяд төгрөгийг төр өөрөө өөрөөсөө худалдан авч байна. Бизнесийн салбарт орон зайг нь бодитой гаргаж өгөх үүднээс төрийн байгууллагууд дэргэдээ аж ахуй, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаггүй байх тогтоолын төслийг УИХ-аас намрын чуулганаар багтаж гаргахыг зорьж байна.

Засгийн газар дэргэдээ байсан хэвлэх үйлдвэр, зоогийн газрын зэрэг үйлчилгээ явуулж байсан газруудыг татан буулгасан. Одоо УИХ дэргэдээ байгаа аж ахуй, үйлчилгээний үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг татан буулгана.

Нэгхэн жишээ хэлэхэд, Засгийн газрын дэргэд хэвлэх үйлдвэр ажиллалаад, төсвөөс жилдээ 300 сая төгрөгийн төсөв авдаг байсан. Тэр хэвлэх үйлдвэрийн гүйцэтгэсэн ажил нь Засгийн газрын 20 сая төгрөгийн өртөгтэй баланкийг хэвлэхэд л зориулагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 20 сая төгрөгийн өртөг бүхий баланк хэвлүүлэхийн тулд 300 сая төгрөгийн зардал гаргаж байгаа юм.

Ордны дөрвөн давхарт байсан ресторан жил болгон төсөвт үйлдвэрийн газар гээд, 1.4 тэрбум төгрөгийн төсөв улсын төсвөөс авдаг байсан. Энийг татан буулгасан. Одоо энэ рестораныг хувийн хэвшил түрээслэж ажиллаад, төсөвт бараг 200 сая төгрөгийн орлого төвлөрүүлдэг болчихож байгаа юм.

Тэгэхээр хувцас оёдог, үйлчилгээ үзүүлдэг, амралт, соёлын үйлчилгээ үзүүлэг, зоогийн газар ажиллуулдаг байдлаас төр бүрэн татгалзах ёстой. Харин төр нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн сонирхохгүй, хийхгүй байгаа, ашиг багатай үйл ажиллагаануудыг авч явах хэрэгтэй.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу