УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.30) хуралдаанаар “Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмийн гар дамжсан худалдаа бол маш ноцтой асуудал. Тийм учраас аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуульд хатуу зохицуулалтыг оруулж өгсөн.

Эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг сошиал сүлжээгээр сурталчлах боломжгүй болно. Хэрэв сурталчилбал хариуцлага тооцож, торгууль ногдуулна.

Харин жороор олгодоггүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг телевиз, радио, мэдээллийн сайт гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж болно. 

Зарим иргэд витамин, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хорт хавдар устгадаг гэж яриад бие биедээ өгөөд байгаа юм. Ямар ч хариуцлага байхгүй. Гол асуудал нь, тэдгээр бүтээгдэхүүнээ фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр дамжуулан борлуулахаар хэнд, ямар хуулийн хариуцлага хүлээлгэх талаар эрх зүйн акт нь ойлгомжгүй болчихоод байгаа юм.

Тухайлбал, зарим өвчтэй хүмүүсийн группд “Би энэ эмийг уугаад зүгээр болчихсон. Одоо та уугаарай” гэж байна. Нэг төрлийн хавдар хүртэл өөр өөр эмчилгээтэй байх тохиолдол бий. Гэтэл манай иргэд сайн санааны үүднээс туслах гэж байгаа нэрийдлээр хүнд хор болох зүйл өгөөд байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулах нь ашиг олдог бизнес биш. Энэ бол тусгай бүтээгдэхүүн. Тийм учраас үүнийг тун анхааралтай хэрэглэх хэрэгтэй. “Хорт хавдар эдгээдэг юм, элээний элэг идчих” гээд баахан элээ буудаж, элгийг нь авчирч өгөөд л байдаг. Ийм бизнесийг Монгол Улс зөвшөөрч болохгүй” хэмээн хэллээ. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу