УИХ-ын өнөөдөр (2024.08.30)-ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэллээ. Тэрбээр “Уул нь бид 2023 оны төсвийн гүйцэтгэлийг ярьж байгаа юм. Харамсалтай нь, одоогоос хоёр жилийн өмнө төсөв хэрхэн зарцуулсан бэ гэдэг яриаг ярьж байна. Энэ сэдэв дээр манай олон гишүүн нэлээн зарчмын байр суурь илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байх шиг байна.

Ардчилсан намын бүлгээс гурван зүйлийг тодотгож хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, энэ төсвийн гүйцэтгэл энэ хаврын чуулганаар буюу 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд яригдах ёстой сэдэв байсан. 2020-2024 оны УИХ нь ажлаа хийгээгүй учраас 2024-2028 оны УИХ дээр ажил болж яригдаж байна.

Гурван жилийн өмнө баталсан төсвөө хоёр жилийн өмнө хэрхэн, яаж зарцуулсан бэ гэдэг сэдвээр ярьж байна. Энэ дээр зарчмын гурван байр суурь харагдаж байна. Нэгдүгээрт, энэ төсвийн гүйцэтгэлийг ийм шуурхай, ээлжит бус чуулганы үеэр хэлэлцэх ёстой байсан уу, үгүй юү гэдэг дээр эргэлзээ төрж байна. Хоёрт, сая хоёр хоногийн дотор төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор байнгын хороо болон бусад хэлбэрийн хуралдаан дээр нэг бус гишүүд “гэмт хэргийн хавтаст хэрэг” шиг юм ярилаа.

Дотор нь гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй, ер нь энэ төсвийг яаж үрэлгэн, замбараагүй, яаж хувийн ашиг сонирхолтой зардаг юм бэ гэдэг хэмжээний ярианууд яригдлаа. Дээд, доодгүй оролцсон мэт дүр зураг харагдлаа. Тийм учраас Ардчилсан намын бүлэг энэ удаагийн төсвийн холбоотой асуудал дээр УИХ ажлын хэсэг гаргах ёстой юм гэсэн байр суурьтай байна.

Тухайн үеийн сайдаас зарим нь ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Зарим нь УИХ-ын гишүүнээр байж байх шиг байна. Зарим хүмүүс нь энэ удаагийн УИХ-ын гадна байгаа байх.

Үнэхээр хариуцлага ярих ёстой хэмжээний сэдвүүд хөндөгдөж байгаа учраас намрын чуулганаар энэ асуудлаа эцэслэвэл яасан юм бэ. УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдаад, төсөвтэй холбоотой нарийвчилсан хяналтууд явуулаад, үнэхээр гэмт хэргийн шинжтэй юмнууд яригдаад байгаа бол, үнэхээр энэ зөрчил нь хавтгайрсан шинжтэй байгаа бол, үнэхээр хүний байдлаар хандаадг, гараа угаасан шижнтэй, татва төлөгчдийн мөнгөөр ийм үрэлгэн асуудалд хандсан байгаа бол цаашид УИХ, Хамтарсан Засгийн газар энэ зүйлийг өөгшүүлж нүдээ аниад, чихээ бөглөөд явж болохгүй нь ээ.

Үнэхээр хариуцлагатай асуудал ярья гэж бодож байгаа бол одоо энэ тогтоолын төслийг батлахгүйгээр намрын чуулган руу шилжүүлээд, ажлын хэсгийнхээ дүгнэлтүүдийг гаргаж, ярьж хэлэлцээд, хариуцлага тоолцох бол, ажлаа сайжруулах бол төсвийг илүү үр ашигтай, үр дүнтэй байлдгахад чиглэсэн арга хэмжээ авах ёстой бол энэ тодотгол УИХ-ын тогтоолд тэр бүхэн чинь бичигдэж орох ёстой юм шүү. Тэгэхгүй бол энэ “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг яаруу сандруу, ажил хэрэгч бус зүйл болох нь ээ.

Би Дамдинням, Ганхуяг, Энхбаяр гэх мэтчилэн гишүүдийн санаачлагыг дэмжиж байна. Гэхдээ хаягласан эзэн чинь буруу байна. Одоо байгуулагдсан Засгийн газрын ажил ерөөсөө биш байгаа байхгүй юу. Энэ чинь хоёр жилийн өмнө хийх ажил байгаа юм.

Үнэхээр угаартуулаад, иргэдийнхээ амь насаар тоглосон тэр сайжруулсан түлш гээд байгаа зүйл чинь, тэр дээр гарсан төсөв мөнгө чинь гарын салаагаар урсаад зальдуулчихсан юм биш үү. Зөвхөн нэг жишээ л хэлэхэд энэ” гэв.

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 53.2 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу