Нийслэлийн Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн бага ангийн багш Ч.Ариунаа мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байна. Тэрбээр энэ жил 40 гаруй хүүхэдтэй нэгдүгээр анги авч буй ажээ. 

Сургуулийн босгоор дөнгөж алхаж буй зургаан настнуудынхаа арга эвийг олох гэж нааш цааш холхих ч ганцаараа үл чадна. Харин түүнд нэгэн цагаан футболкатай эрэгтэй тусалж, бүхий л зүйлийг нь хамтдаа хийж харагдав. Ч.Ариунааг ангийнхнаа суулгаад, танилцаж, тараах материал өгөх зуур тэр эрэгтэй хаалганы завсраар сэмээрхэн ажиглана.

Танилцах хичээл дууссаны дараа ангид орж ирж, ширээ сандал цэгцэлж, цэцгэнд “умбасан” багшид туслах аж. Түүний энэ үйлдлүүдийг хараад “Бага ангиуд туслах багштай болчихсон юм байх даа” гэж бодогдож байв.

Гэтэл тэр Ч.Ариунаагийн нөхөр байжээ. Түүнийг В.Амараа гэдэг. Тэрбээр өөрөө багш хэдий ч мэргэжлээрээ ажиллахаа больсон аж. Улмаар бага ангийн багш гэргийдээ хоол цайг нь зөөж, анги танхимыг нь тохижуулах зэргээр тусалдаг болжээ.

Түүнтэй хэсэг хугацаанд ярилцлаа. 

Тэрбээр “Миний эхнэр 1997 онд их сургуулиа төгссөнөөс хойш гуравдугаар сургуульд ажиллаж байна. Бага ангийн багшийн ар тал байна гэдэг хэцүү. Эхнэр маань хичээлээ заачихаад, дэвтэр засах гэх мэт бичиг хэргийн ажил хийсээр байгаад, оройтож гэртээ ирдэг. Ирээд дахиад л тараах материал бэлдэж, принтер ажиллуулдаг. Гэр маань яг л хэвлэх үйлдвэр шиг байдаг юм.

Орой унтахад ч, өглөө сэрэхэд ч принтер ажиллаж л байдаг. Манай гэр гуравдугаар сургуультай ойрхон байдаг юм. Тийм болохоор ч тэр үү надаар материал хэвлүүлж, хүргүүлж авна. Шалгалтын материал засах гэх мэт ажил ихтэй үед нь хоол хийж авчирч өгнө. Оройтоход нь тосож авна. Энэ мэтээр би өдөрт 2-3 удаа сургууль эхнэрийнхээ сургууль, гэр хоёрын хооронд явдаг. 

Би өөрөө багш мэргэжилд их хайртай байсан учраас эхнэртээ тусалж, ингэж явахдаа дуртай байдаг юм. Ямар ч шатны сургалтын байгууллагын багш нар шавь нараа өөрийнхөө хүүхдээс ч илүү хайрлаж, халамжилдаг. Би эхнэртээ “Өөрийнхөө хүүхдүүдийг анхаарахгүй байж хүний хүүхдийн төлөө цаг наргүй зүтгэх юм” гэж ч хэлж явлаа” хэмээн ярьсан юм. 

В.Амараа, Ч.Ариунаа нар есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангийн хүүхдүүдээ угтаж авахын тулд анги танхимаа хамтдаа цэвэрлэж, тохижуулжээ. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу