МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын томилгоог хэлэлцлээ. 

Улмаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Х.Булгантуяаг сэлгэж, түүний оронд Боомтын сайдаар Б.Тулгыг томилохыг дэмжжээ.

Энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “МАН-ын Удирдах зөвлөл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын асуудлыг хэлэлцсэн. Т.Аюурсайханыг өөрийнх нь хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн. Хуулийн дагуу 14 хоногийн дотор дараагийн сайдыг шийдвэрлэх ёстой.

Ингээд ХНХ-ын салбарын хүрээг нь Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн. Ингэхдээ нийгмийн даатгалын багц хууль, халамжийн шинэчлэл, гэр бүл, хүүхэд хамгааллын хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн тухай хууль гэх мэтчилэн маш олон чухал асуудал бий. Ийм учраас бодлогын хувьд УИХ-ын гишүүн энэ салбарыг ахлах хэрэгтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Мөн энэ салбарт эмэгтэй хүн ажиллах хэрэгтэй гэж үзэж, Боомтын сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяаг сэлгэн ажиллуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргалаа. 

Ингэснээр боомтын сайдын суудал эзгүй болж байгаа учраас МАН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулгыг Боомтын сайдаар томилохоор шийдвэрлэлээ. 

Амжвал энэ шийдвэрийг өнөөдөртөө багтаж УИХ-д танилцуулна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу