“Хүүхэд гэдэг чинь хөөрхөн цагаахан ертөнц шүү дээ. Тэр цагаахан ертөнцөд эрдэм ном зааж, хүн болгон төлөвшүүлнэ, зөв хандлагатай хүн болгоно гэдэг бол багш бидний чухал үүрэг. Би үүндээ маш их дуртай. Шавь нартаа үнэхээр их хайртай байдаг” хэмээн ярина. Түүнийг Ч.Ариунаа гэдэг. Тэрбээр боловсролын байгууллагад 22 дахь, нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд 19 дэх жилдээ ажиллаж буй нь энэ юм. Ч.Ариунаа энэ жил нэгдүгээр анги дааж авч буй ажээ. Сургуулийн босго алхаж буй зургаан настнуудаа инээмсэглэл дүүрэн угтаж авахдаа тэр “Хүүхдүүд хөөрхөн шүү. Энэ миний дааж авч байгаа сүүлийн анги” хэмээн ярина. Тэрбээр энэ хүүхдүүдээ тавдугаар анги төгсгөөд тэтгэвэртээ гарах аж. Түүнтэй ярилцлаа. 

-Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 4200 гаруй багш дутагдалтай байна гэсэн мэдээлэл бий. Багш мэргэжлийг эзэмших хүн цөөрч буй энэ үед таныг яагаад багшаар сурах болсноос яриагаа эхэлье.

-Би багаасаа л багш болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд 1997 онд Багшийн их сургуулийг Бага ангийн багш мэргэжлийг эзэмшиж байлаа. Бага ангийн багшийг хүмүүс хэцүү гэж ярьдаг л юм. Хэцүү нь бол хэцүү. Гэхдээ үнэхээр цагаахан, хөөрхөн ертөнц байдаг юм.

-Есдүгээр сарын 1-ний өдөр бол сурагчдын хувьд догдлон хүлээдэг өдөр байдаг. Багш нарт ямар байдаг вэ. Хичээл орохыг догдолж хүлээсэн үү?

-Тэгэлгүй яах вэ.  Есдүгээр сарын 1-нд зургаан настай шинэхэн шавь нараа хүлээж авна гээд маш их догдолсон. Бэлтгэл ч их хийсэн. Ангиа хоёр өдрийн турш засаж, чимэглэлээ.  Үнхэээр сэтгэл өндөр, сайхан байна. 

-Олон жил ажиллаж буй туршлагатай багшийн хувьд та хүүхдүүдээ сургахдаа ямар зарчим баримталж ажилладаг вэ?

Багш хүн хүүхдийнхээ юунд илүү авьяастай байгааг мэдэрч, тэрийг нь илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог юм. Зөвхөн онц сурах ёстой гэхээс илүү өөрийн авьяасаа олж, хөгжүүлэхэд нь тусалж чадвал тухайн хүүхэд эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болдог. Тэрийг харах үнэхээр сайхан байдаг юм. Мөн зөв хандлагатай, хүмүүжилтэй, зөв хүн болгох нь хамгийн чухал. 

Байшин барилга суурь сайтай бол чанартай, сайн байдаг шүү дээ. Түүнтэй адилхан хүүхдийн суурийг анхнаас нь сайн тавиад өгөх юм бол тэр хүүхэд сурах арга барилаа эзэмшиж, зорилгоо тавиад явчихдаг. Тиймээс тэр суурийг нь тавьж буй бага ангийн багш хамгийн чухал гэж боддог юм.

-Боловсролын салбар жил ирэх тусам л сайжирч байна. Таны харж байгаагаар цаашид энэ салбарт засаж, сайжруулмаар зүйл юу байна вэ?

-Нэг ангид сурах хүүхдийн тоо. Өнгөрсөн жил миний төгсгөсөн анги 47 хүүхэдтэй байсан. Энэ жил бас л 40 гаруй хүүхэдтэй анги авч байна. Хүүхэд бүртээ тулж ажилламаар байвч ийм олон болохоор хэцүү. Тиймээс хүүхдийн тоог анхаарах хэрэгтэй байна. Мөн багшийн нийгмийн асуудлыг анхаараасай. Манай салбарт цалин муутай ч гэсэн сэтгэл гаргаж, хүүхдийнхээ төлөө ажилладаг хүн олон бий. Төр засаг багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарч, анги дүүргэлтийг багасгавал сайн байна. 

-Хичээлийн шинэ жилийн нээлт гээд олон хүүхэдтэй бужигнаж байхад хань нь ирчихсэн тусалж байх шиг байна, тийм үү?

-Тийм ээ. Байнга ирдэг юм. Гэр ойрхон болохоор дуудаад л туслуулна. 

Түүнтэй ийн хэсэг хором ярилцаж байтал нөхөр В.Амараа нь ангид орж ирэв. 

В.Амараагаас гэргийдээ туслахад ямар байдаг талаар сэтгэгдлийг нь асуухад “Бага ангийн багшийн ар тал гэдэг бол хэцүү. Хань минь дэвтэр зассаар байгаад гэр орондоо орой үдэш  ирнэ. Манай гэр хэвлэх үйлдвэр шиг л байдаг. Орой унтахад, өглөө сэрэхэд тараах материал хэвлээд л сууж байна.  Гараад явсныхаа дараа “Тэрийг принтерлээд аваад ирээрэй” гэнэ. “Тийм юм аваад ир” гээд л, өдөрт 2-3 удаа авч ирж өгдөг. Оройтоход нь тосож авна. Гэрээсээ хоол авч ирж өгдөг. Ангийнх нь хөшигнөөс авахуулаад угааж, цэвэрлээд, зүүгээд л. Хийж чадахгүй зүйлсийг нь хийлцэж өгдөг. Би өөрийн сонирхлоороо ингэж явж байхдаа дуртай байдаг юм. Ямар ч шатны багш нар ер нь өөрийнхөө үр хүүхдээс илүү шавь нарынхаа, оюутнуудынхаа төлөө санаа зовдог” хэмээн ярилаа. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                     

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу