ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна

Путин Монгол Улсын удирдагч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар өнгөрсөн Даваа гаргийн орой Монголд хүрэлцэн ирлээ. Тэрбээр дээрх урилгын хугацааг өнгөрсөн намар Бээжинд болсон уулзалтын үеэр сунгасан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч таван жилийн өмнөхтэй адил Халхын голд Японы миллитаристуудыг ялсан Зөвлөлт, Монголын цэргийн хамтарсан ялалтад зориулсан баярт оролцох юм. Мөн дорвитой яриа хэлэлцээ хийж, хоёр талын хэд хэдэн уулзалт  хийхээр товлосон. Түүний айлчлалын хүрээнд гала хүлээн авалт болно.

Кремль “Хэлэлцээний үеэр хоёр улсын удирдагчид “Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар хэлэлцэж, олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлаар санал солилцоно” гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Хоёр улсын удирдагчид Москва, Улаанбаатарын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, төмөр замын тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар ярилцана” гэж мэдэгдэв.

Тэрбээр “Орос хэл сургах ажлыг өргөжүүлэх, монгол залуусыг Оросын их, дээд сургуулиудад сургах хөтөлбөр зэрэг боловсролд гол анхаарлаа хандуулна” гэж хэлжээ.

В.Путин мөн Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нартай уулзахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ТАСС агентлагт “Айлчлалын дараа хоёр талын томоохон баримт бичигт гарын үсэг зурна. Эдгээрийн дотор Байгаль нуур, хил дамнасан Сэлэнгэ мөрнийг хамгаалах хамтын ажиллагааны санамж бичиг багтаж байна” гэж мэдээлэв.

Путин өмнө нь Хүрэлсүхэд Халх голын тулалдааны 85 жилийн ойн баяр Зөвлөлт-Монголын, мөн Орос-Монголын найрамдалд чухал ач холбогдолтой болохыг илгээсэн мэндчилгэээндээ онцлон тэмдэглэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч 2004 оноос хойш эдгээр тэмдэглэлт ойд онцгой анхаарал хандуулж ирсэн билээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу