Израилийн батлан ​​хамгаалах хүчин 2023 оны аравдугаар сард Палестин-Израилийн мөргөлдөөн хурцадсанаас хойш 98 палестин сэтгүүлчийг баривчилжээ. Энэ талаар Катарын “Al Jazeera” суваг Палестины хоригдлуудын нийгэмлэгийн мэдээллээс иш татан уламжлав.

Тус нийгэмлэг “Баривчлагдсан 98 хэвлэл мэдээллийн ажилтны 52 нь Израилийн шоронд хоригдсон хэвээр байна. Тэдний дотор Газын зурвасын 17 сэтгүүлч багтаж байгаа бөгөөд хоёрыг нь хулгайлж, хүчээр олзолсон” гэж тэмдэглэжээ.

Еврейн эрх баригчид Палестины 15 сэтгүүлчийг ямар ч ял, шүүх хуралгүйгээр захиргааны журмаар баривчилсан байна.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” төрийн бус байгууллагаас “Израилийн зэвсэгт хүчин өнгөрсөн оны аравдугаар сарын 7-ноос хойш Газын зурваст 130 гаруй палестин сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг хөнөөсөн” гэж мэдээлжээ. Тэдний 30 нь албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан байна.

Палестины радикал “ХАМАС” хөдөлгөөний гишүүд 2023 оны аравдугаар сарын 7-нд Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хил орчмын суурингийн оршин суугчдыг хөнөөж, хүмүүсийг барьцаалсны дараа Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс дордсон билээ.

Үүний хариуд Израиль “ХАМАС” бүлэглэлийн цэрэг, улс төрийн бүтцийг устгаж, хулгайлагдсан бүх хүнийг суллах зорилгоор Газын зурваст цэргийн ажиллагаа явуулсаар байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу