Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2024.09.03) ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Хоёр орны удирдагчид 14.00 цагт Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд албан ёсны хэлэлцээ хийх юм. Үүний дараа буюу 14:25 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Мөн 14.55 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Ёслол хүндэтгэлийн Их танхимд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй юм.

Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа билээ.

Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд тус тус бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох юм.

Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр баярын захидал солилцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч захидалдаа, Халхын голын байлдааны хамтын ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын Ерөнхийлөгч болон Оросын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэв.

Энэхүү түүхэн ойг хоёр улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлагаар тэмцсэн цэрэг эрсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний эх оронч гавьяа зүтгэлийг хойч үедээ мөнхлөн үлдээх, Монгол-Оросын ард түмний энхийн болон хөгжлийн төлөөх их үйлсээр гагнагдсан ган бат найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэх зорилгоор онцгойлон тэмдэглэдгийг онцоллоо.

ОХУ-ын Ерөнхийлөгч захидалдаа, Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид эрүүл энх, амжилт бүтээл, Монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөв.

Мөн хүнд бэрх үед батжин бэхэжсэн хоёр орны найрамдал нөхөрлөл, харилцан тусламжийн уламжлал нь Оросын Холбооны Улс, Монгол Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хөгжлийн бат бэх суурь нь мөн гэдгийг онцолжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу