“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Г.Батсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, тэтгэвэртээ гарахаар болсон байна. Тэрбээр энэ тухайгаа өнгөрсөн сард компанийн нийт ажилтандаа захидал илгээж мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Г.Батсүх захидалдаа “Оюу толгой эдүгээ улс орныхоо томоохон экспортлогч, нийгмийн баялаг бүтээгч бөгөөд хөгжил дэвшлийн урт хугацааны түншлэгч болсон төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц уул уурхайн компаниудын нэг болох замдаа эргэлт буцалтгүй ороод байна.

Манай хувьцаа эзэмшигчид маань харилцаа, хамтын ажиллагааныхаа байр суурийг нэгтгэж, харилцан ашигтай ажиллах зарчим, харилцан итгэлцлээ улам бүр бэхжүүлж байна.

Түүнчлэн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өнгөрсөн онд компанийнхаа бизнесийн хөгжлийн ирэх 25-30 жилийн шинэчилсэн стратегийг баталсан юм. Уг стратегийн зүрхэнд уурхайн талбай дээр болон Ханбогдод өдгөө ба ирээдүйд хамт олон маань амьдарч, ажиллах таатай орчин нөхцөлийг иж бүрэн бүрдүүлэх бодлого тусгагдсаныг энд онцлон тэмдэглэхэд таатай байна.

Оюу толгойн цаашдын ирээдүй ийнхүү урагшлан хөгжих замд итгэл төгс орсон учраас миний бие эдүгээ хүртэл эрхэлж буй ТУЗ-ийн даргын үүрэгт ажлаа сэтгэл амар шилжүүлэн өгөх цаг ирсэн гэж үзсэн болно” гэж бичжээ.

Г.Батсүх 2010 оны зургадугаар сард “Оюу толгой” компанийн анхны ТУЗ байгуулагдахад ТУЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн даргаар томилогдсон байна. Тэрбээр тухайн үед “Оюу толгой” компанийн 66 хувийг эзэмшиж байсан, Канадын “Туркойз Хилл Ресурс” компанийн төлөөлөл болон ТУЗ-д томилогдож байжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу