ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Улаанбаатар хотын төвд байрлах Төрийн ордонд хэлэлцээ хийж байна.

Удирдагчдын уулзалт уламжлал ёсоор 1950-иад онд баригдсан, төрийн гол байгууллагуудын өргөөний таван давхарт байрладаг, Монголын жинхэнэ нүүдэлчдийн өргөөнд болж буй юм.

Энэхүү өргөө нь Монголын эртний уламжлалыг тод томруун харуулсан бөгөөд дотоод заслыг модон сийлбэр, алт, мөнгө, үнэт чулуудаар чимэглэн хийсэн байна. Гэрийн хойд хэсэг монгол ёс заншилд онцгой хүндэтгэлтэйд тооцогддог бөгөөд энэхүү хэсэгт зандан модон тавцан дээр Чингис хааны хөргийг байршуулжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, В.Путин, Ухнаагийн Хүрэлсүх нар аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээврийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Мөн хоёр орны удирдагчид дэлхийн болон бүс нутгийн тулгамдсан асуудлууд, Москва, Улаанбаатарын стратегийн түншлэлийн харилцаа, хүмүүнлэгийн харилцаа, тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ үеэр “Хоёр талын Засгийн газар хоорондын комисс идэвхтэй ажиллаж, үр дүн гарч байна. Өнөөдөр бид эдийн засаг дахь харилцан үйлчлэлийн гол чиглэл рүүгээ эргэн орох нь гарцаагүй юм” гэж тэмдэглэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн аливаа хүндрэл, тэр дундаа ковид зэрэг хүндрэл бэрхшээлийг үл харгалзан, хоёр орны худалдааны харилцаа, худалдааны эргэлт өсөлтийн замд орлоо” гэж хэллээ.

Хэлэлцээний үеэр В.Путин “Оросын Холбооны Улс, Монгол Улсын харилцаа үнэхээр бүх талаар хөгжиж байна” гэж онцлов. ОХУ-ын Ерөнхийлөгч “Бидний нэлээд идэвхтэй хамтран ажилладаг эдийн засаг, улс төрийн салбараас гадна хүмүүнлэгийн салбар, тэр дундаа боловсролын салбарт үр дүнтэй ажиллах болно” гэж хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Халхын голын ялалтын 80 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой тохиож буй энэ үед Монгол Улсад айлчилж байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд талархал илэрхийллээ.

Ухнаагийн Хүрэлсүх эдгээр өдрийг Москва, Улаанбаатар хотууд хамтдаа тэмдэглэж байгааг Монголын ард түмэн өндрөөр үнэлж буйг онцоллоо. Мөн тэрбээр Монголын улс төрийн тогтолцоонд гарсан сүүлийн үеийн өөрчлөлтийн талаар Путинд танилцуулж, тус улс “улс төрийн хувьд тогтвортой” байгааг онцлов.

Путин ч Эрдэнэт хотыг Ленинградын архитекторууд төлөвлөж байсныг дурслаа.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу