ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 2-ны Даваа гарагт Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр мордохоос өмнө Москвагаас зүүн тийш 4500 км (2800 миль) зайд орших Тува улсын Кызыл хотын 20-р сургуульд зочилжээ.

Тэрбээр сургуулийн хүүхдүүдтэй уулзахдаа гэр бүлийнх нь залуу гишүүд мандарин хэлээр чөлөөтэй ярьдгийг хэлээд, сурагчдад хандан “Хятад хэл сурахын хажуугаар англи хэлний ач холбогдлыг мартаж болохгүй” гэж хэлсэн байна.

Путин өөрийн эхнэр асан Людмилагаас хоёр охинтой бөгөөд тэд орос, англи, герман, франц хэлээр ярьдаг. 2014 онд эхнэрээсээ салсан Путин гэр бүлийнхээ тухай бараг ярьдаггүй ч дор хаяж гурван ачтай талаар Оросын хэвлэлүүд мэдээлдэг.

Путин сурагчдад хандан “Манай гэр бүлийн зарим гишүүд, бяцхан хүүхдүүд ч гэсэн хятад хэлээр чөлөөтэй ярьдаг” гэж хэлжээ.

Путин “Хятад, Орос хоёр орны хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа энэ үед мандарин хэл Орос даяар түгээмэл хэрэглэгдэж буй гадаад хэл болж байгаа нь эдийн засаг, улс төр, нийгмийн харилцаа холбоо хөгжиж байгаатай холбоотой” гэж хэлэв.

Герман хэлээр чөлөөтэй ярьдаг ч англи хэлээ сайжруулах хичээлд суусан Путин сурагчдад англи хэл ач холбогдолтойг мартаж болохгүйг хэлсэн байна.

Путин “Англи хэл бол агуу хэл, мэдлэгийг нэгтгэх, хүмүүсийг соёлын салбарт нэгтгэх гэх мэт олон зүйлийг хүн төрөлхтөнд өгсөн” гэж хэлэв.

2022 оны хүн амын тооллогоор Орост англи, татар, герман, чечень хэл хамгийн өргөн тархсан байна. Мандарин хэлээр тэр бүр ярьдаггүй ч сүүлийн жилүүдэд нэр хүнд нь хурдацтай өсч байгаа аж.

Эх сурвалж: REUTERS 

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу