Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад МАН хулгайч нартайгаа тэмцэнэ, шударга ёс тогтооно гэдэг байлаа. Хулгайч нарын оймсыг нь гозолзуулаагүй ч хулгайчийг илчлэх бүх боломжоор тэд хангаж өгдөг байж. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болж, АН-ын О.Алтангэрэл хуулийн сайд болсноос хойш энэ үг унахаа болив.

“Хулгайтайгаа эвлэрье” гэдэг нь энэ байж магадгүй юм. Үүний нэг тод жишээ нь, улс гэрийг сүйрүүлсэн нүүрстэй холбогдсон улстөрчдийн нэрс дотор 19.6 тэрбумын сайжруулсан шахмал түлшний шуудайг өөрийнх нь шууд удирдлагад байсан “Тавантолгой түлш” ХХК-д “шахсан” НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн асуудал байлаа.

“Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдсан ч НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зам хөндлөн гараад Төрийн ордон руу орж асуултад хариулах зориг нь дутсан. Зориг дутах гэж хулгай нь ил болж байгааг тэр мэдсэн хэрэг л дээ. Тиймээс зориуд очоогүй юм.

“Нүүрсний сонсгол”-оор “Тавантолгой түлш” компанийн асуудал яригдах үеэр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Компани нь алдагдалтай ажиллаж байхад Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийнхөн өөрсдийгөө шагнадаг. ТУЗ-ийн 29 хүнд 1.1 тэрбумыг зарцуулсан. 2022 оны дөрөвдүгээр сард ТУЗ-ийн тогтоолоор “2021 оны санхүүгийн тайланд өгсөн Үндэсний аудитын газрын “зөрчилгүй” дүгнэлтийг харгалзан, ТУЗ-ийн гишүүдийн жилийн үр дүнгийн урамшууллыг олгох” тогтоолыг баталсан. 

Ж.Батбаясгалан дарга гарын үсэг зурсан байгаа юм. Үндэсний аудитын газар зөрчилгүй гэх дүгнэлт гаргасан шүү. Ямар ч санхүүгийн баримт, тайлан, архив материал байхгүй. Бүгд тендергүй явдаг. Ерөнхий нягтлан нь нөхрийнхөө хадгаламж руу мөнгө хийдэг.

Ж.Батбаясгалан дарга өөрийгөө 64 сая, Л.Одхүү 124 сая, О.Одбаяр 78 сая төгрөг, Д.Санчир 27 сая төгрөг, Х.Нурлат 72 сая төгрөг, Ц.Пүрэвхүү 78 сая төгрөг, Д.Цагаан-Өвгөн 27 сая төгрөг, Ц.Шинэхүү 38 сая төгрөгөөр өөрсдийгөө шагнасан. 

ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү “Тавантолгой түлш” компанид шуудай худалдан нийлүүлсэн “СБМ Хангай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд аж. 2019-2023 онд 19.6 тэрбумын шуудай нийлүүлжээ. 

Л.Одхүү Гаалийн ерөнхий газрын санхүүгийн даргаар ажиллаж байсан. Түүний эхнэр Б.Оюунзул “Алтан хот” банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулагч. Энэ нь “Тавантолгой түлш”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нарын хамтарсан ББСБ бөгөөд эцсийн өмчлөгч нь Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг байна. Эдгээр хүмүүс нэгдмэл сонирхолтой” хэмээн мэдэгдсэн.

Энэ бол хэн нэгний хардаж сэрдэн гаргаж ирсэн үг биш. Тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын хэлсэн үг. Хуулийн сайд нь эрх биш худлаа хэлээгүй биз. Ард түмэн нь утаанд хордож байхад Ж.Батбаясгалан өөртөө 64 сая төгрөгийн урамшуулал бодож олгуулах тушаалд гарын үсэг зурахдаа огт ичсэнгүй. Тэр бүү хэл 19.6 тэрбум төгрөгийн шуудай шахаж суухдаа бүр ч юм бодоогүй.

Ж.Батбаясгалан “Төр түшмэлээр дутдаггүй” гэж хэлж байсан. Ард түмнийхээ боломжийг хумсалсан, “Тавантолгой түлш”-д шуудай шахаад сууж байдаг Ж.Батбаясгалангаар НИТХ дутахгүй байсан ч бүр даргаараа томилж, одоо Баянгол дүүрэгт нэр дэвшүүлэн ард түмнийг доромжилж байх юм. МАН ч Ж.Батбаясгалангаар дутах ёсгүй. Шударга ёс тогтооно гэсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцэл Ж.Батбаясгалан дээр ирээд цэг тавигдаж байна. 

Хулгайтай тэмцэж, Засгийн газрын 5Ш ажиллагаа хэрэгжиж байгаа нь үнэн бол Ж.Батбаясгалангаасаа салж, шударга ёсны тугаа мандуулах ажлаа эхлүүлмээр байна. Эрх барьж байгаа намынхан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, бат баясгалантайгаар төрд шахаа хийгээд баймааргүй байгаа юм. 

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу