АНУ-ын Төв командлал (CENTCOM) Америкийн зэвсэгт хүчин Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний хусит босогчдын пуужин харвагчийг 24 цагийн дотор устгасан талаар мэдээлэв.

Тус командлал X сүлжээ (хуучнаар Твиттер) дээр “CENTCOM-ын хүчин сүүлийн 24 цагийн дотор Йемений хуситуудын хяналтад байдаг бүсэд Ираны дэмжлэгтэйгээр хуситын пуужин харвагчийг амжилттай устгалаа” гэж жиргэжээ.

Газын зурвас дахь мөргөлдөөн хурцадсаны дараа “Ансар Аллах” хөдөлгөөнийхөн Израилийн нутаг дэвсгэрт халдлага үйлдэж, улмаар хөлөг онгоцуудыг нь Улаан тэнгис болон Баб аль-Мандебын хоолойгоор дамжин өнгөрөхийг зөвшөөрөхгүйгээ анхааруулсан юм.

Хуситын босогчид 2023 оны арваннэгдүгээр сарын дунд үеэс хойш Улаан тэнгис болон Адены буланд олон арван иргэний хөлөг онгоц руу дайрчээ.

Америкийн эрх баригчид “Ансар Аллах” хөдөлгөөний үйл ажиллагааны хариуд олон улсын эвсэл байгуулж, Улаан тэнгис дэх хөлөг онгоцуудыг хамгаалах, далайн эрэгт зорчих эрх чөлөөг хангах ажиллагаа эхлүүлснээ зарласан билээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу