АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн албанаас “Америкийн эрх баригчид Нью-Йорк мужийн албан тушаалтан асан Линда Суныг Хятадын засгийн газарт бүртгэлгүй гадаадын төлөөлөгчөөр ажиллаж байсан хэргээр баривчилсан” гэж мэдээлжээ.

Суныг нөхөр Кристофер Хугийн хамт есдүгээр сарын 2-ны өглөө баривчлан саатуулсан бөгөөд мөн мөнгө угаасан, банкны залилан хийсэн гэх хэрэгт буруутгаж байгаа аж.

Прокурорын мэдээлснээр, Сун төрийн захиргааны байгууллагад ажиллаж байхдаа БНХАУ-ын Засгийн газрын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, тэр дундаа Хятадын албаны хүмүүс болон Нью-Йорк мужийн өндөр албан тушаалтнуудын хооронд уулзалт зохион байгуулж байжээ.

Прокурорууд тэднийг Хятадаас хэдэн сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машин, тансаг эд зүйлс худалдаж авахдаа “мөнгө завшсан” гэж үзэж байгаа аж.

АНУ-д 1938 оноос хойш Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж буй юм байна. Тус хуулийн дагуу АНУ-д гадаадын аль нэг нам (засгийн газар, улс төрийн нам, компани, иргэн)-ын ашиг сонирхлыг төлөөлж, улс төрийн үйл ажиллагаанд оролцож буй аливаа хүн, аж ахуйн нэгж гадаадын төлөөлөгчөөр бүртгүүлэх ёстой ажээ.

BBC агентлагийн мэдээлснээр, АНУ-ын яллах дүгнэлтэд “Нью-Йорк мужийн засгийн газрын дээд түвшний туслах Линда Сун ‘Ковид-19-ийн тухай албан ёсны мэдээлэлд нэвтрэхэд” Хятадын засгийн газарт нууцаар тусалсан” гэж дурджээ.

Линда Сун ойролцоогоор 14 жилийн хугацаанд Засаг даргын тамгын газрын орлогч дарга болтлоо албан тушаал ахисан байна.

Холбооны прокурорууд “Өдгөө 41 настай Линда Сун албан тушаалын байдлаа Хятадын албаныханд туслах, тэр дундаа Тайванийн дипломатчдыг мужийн засгийн газартай холбоо барихыг хориглох, дотоод бичиг баримтаа Бээжинтэй нууцаар хуваалцах зэргээр урвуулан ашигласан.

Үүний хариуд Хятад улс хатагтай Сун болон түүний нөхөр Кристофер Ху нарт Нью-Йоркт 4.1 сая ам.доллар (3.1 сая фунт стерлинг)-ын байшин худалдаж авахад нь тусалсан, олон сая ам.долларын буцаан олголт авах, давсалсан нугас гэртээ тусгайлан хүргүүлэх зэрэг хөнгөлөлт үзүүлсэн” гэж мэдэгджээ.

Мөн яллах дүгнэлтэд “Хосууд Хонолулу хотод далайн ойролцоо 2.1 сая ам.долларын үнэтэй орон сууц, 2024 оны “Ferrari Roma” тансаг зэрэглэлийн спорт автомашин зэргийг худалдаж авсан” гэж дурдсан байна.

Хосууд өнгөрсөн Мягмар гарагт Бруклины холбооны шүүхэд гадаадын төлөөлөгчөөр бүртгүүлээгүйгээс эхлээд визний луйвар, мөнгө угаасан гэх мэт олон төрлийн хэрэгт гэм буруугүйгээ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу