Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Владимирович Путин есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчилсан. Айлчлалын үр дүн, ач холбогдлын талаар МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимийн багш, дэд профессор С.Энхцэцэгтэй ярилцлаа. 

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын талаар иргэд одоо ч ялгаатай байр суурьтай байна. Та олон улс судлаач хүний хувьд энэ үйл явдлыг хэрхэн харав?

-Халх голын байлдааны ялалтын 85, Монгол, Оросын төмөр замын хамтын ажиллагааны 75, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ой энэ онд тохиож байгаа тул ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж буй төрийн өндөр дээд хэмжээний айлчлал чухал ач холбогдолтой гэдгийг холбогдох албадын зүгээс мэдээлж байсан. Энэ айлчлал хоёр орны уламжлалт харилцаа тогтвортой, тууштай үргэлжилж байгааг харуулсан томоохон үйл явдал боллоо.

-Айлчлалын хүрээнд талууд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтарч ажиллах, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн асуудлаар санал солилцож, тохиролцсон. Эдгээр гэрээ хэлэлцээрүүдийг та хэрхэн харж байна вэ?

-1990 оноос хойш хоёр орны хуучин систем задарч, зах зээлийн шинэ эдийн засагт шилжиж эхэлснээр хоёр талын уламжлалт болон эдийн засгийн харилцаа зогсонги байдалд орсон. Харин 2015 оноос хойш Монгол Улс, ОХУ-ын харилцаа аажмаар сайжирч эхэлсэн. Энэ нь хоёр улс бодитой төсөл хөтөлбөрүүдийг ярьж эхэлж байгаагаар илэрч байгаа.

Нэгдүгээрт, Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа. Уг цахилгаан станцыг шинэчлэхийн тулд ОХУ-тай холбогдож байгаа гол шалтгаан нь III цахилгаан станцын технологи, тоног төхөөрөмжийг шинэчилж, бааз суурийг нь бэхжүүлэхийн тулд үйлдвэрлэхээ больсон тоног, төхөөрөмжүүдийг захиалж хийлгүүлж талаар салбарын сайд нь тайлбарласан. Товчхондоо, манай талын хүсэлтийн дагуу энэ төслийг хэрэгжүүлэх болж байгаа юм. 

Монгол Улс 1990 оноос хойш гуравдагч орнуудаас авсан зээл, тусламжийнхаа дийлэнхийг III, IV цахилгаан станцын урсгал засвар, шинэчлэлтийн ажилд зарцуулж ирсэн.

Монгол Улс  уламжлалт станцууддаа хэт найдаж, удаан хугацааны турш эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын ажил хийхгүй орхигдуулсны үр дүнд өнөөдөр эрчим хүчний хувьд нэн доголдолтой байдалд орсон.

Тиймээс манай улсын хоолойд тулсан эрчим хүчний дотоодын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр энэ асуудал айлчлалын хүрээнд шийдэгдэж байна. 

Хоёрдугаарт, Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтарч ажиллах тухай хэлэлцээр хийлээ. Манай орны түлш, шатахууны 90 гаруй хувь нь ОХУ-аас шууд хамааралтай байдаг. Тиймээс газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр барих шаардлага зайлшгүй байна. Газрын тос боловсруулах үйлдвэр яригдаж байсан ч ковид-19 цар тахлаас улбаатайгаар барилгын ажил зогсонги байдалд орсон. Шинэ парламент байгуулагдаж, төсвийн тодотгол хэлэлцэх үеэр эрчимтэй ярьж эхэлсэн. Газрын тосны үйлдвэр байгуулахад түүхий эдээ хаанаас хангах вэ гэдэг нь нэн тэргүүний асуудал болсон.

Манай улс дотооддоо газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй боллоо гэхэд түүхий эдээ импортоор авах шаардлага тулгарч магадгүй. Дэлхийд түүхий газрын тос экспортолдог цорын ганц улс нь ОХУ юм. Тэгэхээр бид ирээдүйд стратегийн шинжтэй түүхий эдийн хангамжийн найдвартай байдлыг хангах үүднээс газрын тосны салбарт бодлогоо нээлттэй тавьж байх нь чухал.  Мөн газрын тосны бүтээгдэхүүний тасралтгүй хангамжийг баталгаажуулах байдлаар гэрээ байгуулж, хамтарч ажиллахаар болж байгаа нь эдийн засгийн царцанги байдал үүсэхээс сэргийлж байна гэж харж байна. 

Гуравдугаарт, Эгийн голын усан цахилгаан станц барих ажил маш удаан хугацааны турш гацаж байгаагаас болоод манай орон түлш, эрчим хүчний салбарт бодитой шинэчлэл хийж чадахгүй байгаа асуудал айлчлалын үеэр яригдлаа. Өмнө нь Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станц байгуулах талаар яригдаж эхлэх үеэс ОХУ-ын зүгээс Байгал нуурын экологийн байдалд нөлөөлж, бохирдох эрсдэлтэй гэж үзэж, эсэргүүцсээр ирсэн.

Манай орны дийлэнх гол мөрөн Байгал далай руу цутгадаг. Гэтэл Хангай, Хэнтийн уулархаг бүс нутгийн алтны уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй усны эх бохирдсоноор Байгал далайн экологийн байдалд сөргөөр нөлөөлнө гэж Оросын тал үзэж, манай талаас сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй талаар байр сууриа илэрхийлсээр ирсэн. Асуудлаа нэг талд нь цэгцлээгүй байсан тул Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хойшлогдсоор байсан юм. Эгийн голын энэ төсөл нь төвийн цахилгаан станцын хангамжийг сайжруулахад нөлөөлөх гол хүчин зүйл тул зайлшгүй байгуулах шаардлагатай гэж мэргэжлийн хүмүүс үзээд байдаг. Гэтэл улс төрийн түвшинд харилцан үл ойлголцол, зөрчилтэй явсаар урагшилж өгөхгүй байсан юм. Энэ удаагийн айлчлалаар хоёр улсын эрдэмтдийн хамтарсан судалгааны баг гарч, тодорхой нэгдсэн дүгнэлтэд хүрснээр асуудлыг шийдвэрлэхээр болж байна. Тиймээс Монгол Улс эрчим хүчний нэг том төсөл гацаанаас гарах суурь тавигдлаа гэж харж болно. 

-Айлчлалын үеэр мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрэмд оруулах өөрчлөлтийн тухай протокол байгуулсан…

-Товчхондоо, удаан хүлээсэн маш чухал асуудал. 1950-иад оны эхэн үед баригдсан Наушка-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын ганц гарц Монгол Улсыг гадаад зах зээлтэй холбож байдаг. Энэ зам байгуулагдсан тулдаа Монгол Улс хоёр хөрштэйгөө худалдаа наймаа хийх боломж бүрдэж, худалдааныхаа 90 гаруй хувийг төмөр замаар хийж байгаа юм. 

Трансибирийн төмөр замын салаа мөчир болсон уг замын 50 хувийг Оросын төрийн өмчит “РЖД” компани, 50 хувийг Монгол Улс эзэмшдэг. Тэгэхээр Монгол Улс дангаараа шийдвэр гаргаж, төмөр замаа шинэчлэх боломжгүй. Оросын талтай зөвшилцөх шаардлага тулгарч ирсэн. Бид төмөр замын өргөн, нарийн царигийн маргаанаар 10 гаруй жил талцаж, эдийн засгаа хөгжүүлэх алтан боломжоо алдсан шүү дээ. Эцэст нь Монголын нутаг дэвсгэрт өргөн цариг байна гэдгээ тогтсон учир 1950-иад оны үед ОХУ-тай хийсэн төмөр замын гэрээгээ шинэчилж, одоогийн эрх зүйн орчиндоо нийцүүлэх хэрэгтэй. Тиймээс энэ удаагийн айлчлалаар бас нэгэн том чухал асуудал шийдэгдэх эхлэл тавигдлаа. 

-Бас нэгэн асуудал яригдсан нь Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцлоо. Үүний үр дүнд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад мал аж ахуйн гаралтай 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортын татваргүйгээр гаргана гэж албаныхан мэдээлсэн…

-Монгол Улсын хувьд удаан хүлээсэн маш чухал шийдвэр гарлаа гэж олзуурхаж байгаа. Учир нь, манай улсын уламжлалт бүтээгдэхүүнийг худалдах зах зээл хаагдчихсан байсан нь нээгдэж байна. БНХАУ, Зүүн өмнөд Ази, Зүүн хойд Азийн орнууд уур амьсгалын хувьд харьцангуй дулаан, зөөлөн учир мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эрэлтгүй байна.

Харин ОХУ Монголын уламжлалт бүтээгдэхүүнийг хэрэглээд сурчихсан ноос ноолууран бүтээгдэхүүний хамгийн эрэлттэй зах зээл юм. Энэ зах зээл нээгдсэнээр манай улсын сүлжмэл, нэхмэл, оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд маш таатай боломж бүрдэнэ. Оросын импортын татварууд бууж, манай бизнес эрхлэгчид тус улсын зах зээлд харьцангуй чөлөөтэйгөөр бараа таваараа худалдаалах боломжтой болно. Ингэснээр ОХУ, БНХАУ-ын хооронд худалдаа наймаагаа чөлөөтэй хийх эрх зүйн орчин бий болж байна гэсэн үг. 

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсээгүй, ажиглагчийн байр суурьтай явж ирсэн тул зах зээл нь хаалттай байж ирсэн. Тиймээс сүүлийн хоёр жил яригдаж, Засгийн газрын түвшинд шийдэгдсэн ч Путины айлчлалын үеэр албажиж, хоёр тал гарын үсэг зурлаа. Энэ нь манай улс ы эдийн засгаа тэлэх том алхам боллоо.

Үндсэндээ, Монгол Улс эдийн засгийн хувьд зөвхөн Хятадаар дамжиж бусад улс орны зах зээлд нэвтэрдэг байсан бол уг тохиролцооны дүнд өрсөлдөөний том зах зээл нээгдэж, манай улсад бүс нутаг хооронд худалдаа хийх асар том боломж гарч ирж байна. 

-Айлчлалыг ерөнхийд нь дүгнээд үзэхэд Путины айлчлал манай улсад эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой байсан гэсэн үг үү?

-Манай хоёр улсын эдийн засагт тээглээд байсан томоохон асуудлуудыг нээж өгснөөрөө чухал айлчлал боллоо. Хоёрдугаарт, улс төрийн хувьд Монгол Улсын тал эр зориг гаргалаа. Манай улс ОХУ-ын төрийн тэргүүнийг уриад, аюулгүй байдлыг нь хангаад, уламжлалт харилцаагаа тогтвортой үргэлжлүүлдэг гэдгээ тодотгож харууллаа. Үндсэндээ, Путины айлчлал Монгол Улсын аюулгүй байдлыг баталгаажуулсан чухал үйл явдал байлаа.

-Оросын цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор олон улс дахь Путины нөхцөл байдал сайнгүй байна. Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ээс өнгөрсөн онд түүнийг баривчлах тушаал гаргасан шүү дээ. Гэтэл Монгол Улс ОУЭШ-ийн гишүүн хэрнээ Путиныг эх орондоо урилаа гэдэг шүүмжлэл гаднын хэвлэлүүдээр маш их нийтлэгдлээ. Бид түүнийг заавал баривчлах үүрэг хүлээсэн үү. Дээр ярианд дурдсанчлан манай улс эрчим хүч, эдийн засгийн хувьд ОХУ-аас маш их хамааралтай учир түүнийг баривчилж чадахгүй. Үүнийг олон улсад хэрхэн тайлбарлах вэ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах бол?

-Үүн дээр олон улсын байгууллага, тусгаар улс хоорондын харилцааны асуудал үүсэж байгаа юм. Тусгаар улсын бие даасан эрх гэж бий. Тухайн улс ямар үйл ажиллагаа явуулахаа өөрсдөө шийдэх эрхтэй гэсэн үг. Хэнийг урьж, ямар хэлэлцээ хийх эсэх нь тусгаар тогтносон улсын бүрэн эрхийн асуудал. Олон улсын байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж ч болно. Хэрэгжүүлэхгүй байсан ч болно.

Монгол тусгаар улс байгаагийн хүчинд энэ хүнд цаг үед янз бүрийн айлчлал зохион байгуулж чадаж байна. Путины айлчлалтай холбоотой асуудлын тухайд Монголын хүн амын тоо 3.4 сая, 3800 гаруй км нутгаар ОХУ-тай хиллэдэг. Мөн өөрийн аюулгүй байдлаа хамгаалах зэвсэгт хүчний чадамжгүй. Энэ асуудлын талаар олон улсад тайлбар өгч ч болно, өгөхгүй ч байж болно. 

Мэдээж, олон улсад дайны нөхцөл байдалтай байгаа учраас өрнийн орнууд бухимдалтай, хүнд байна. Тиймээс манай улсыг ОУЭШ-ийн гишүүний хувьд үүргээ биелүүлээч гэж шахалт үзүүлж байгаа юм. Олон улсын харилцаанд тусгаар улсын бүрэн эрхэд шууд халдаж болдоггүй учраас шахалт үзүүлэх, уриалах тохиолдол бий. Энэ нь ч зөв. Тухайн улс орнууд өөрсдийн эрхийн хүрээнд байр сууриа илэрхийлж байна. Энэ бол олон улсын харилцааны системд байгаа тоглогчдын харилцааны нэг хувилбар. 

-Энэ айлчлалаас болоод Монгол Улс ямар нэгэн байдлаар олон улсын хоригт орох эрсдэл бий юу. Зарим иргэд “Барууны орнууд монголчуудад виз олгохоо болино, тусламж дэмжлэг үзүүлэхээ зогсооно” гэх мэтчилэн ойлголттой байна. 

-Тэр бол “явган” яриа байх. Манай иргэдийн дунд дам ярианаас мэдээлэл авчихаад түүнийг бодит үнэн мэтээр ярьдаг хандлага бий болчихсон байна. Улс хоорондын харилцаанд үл ойлголцол гардаг. Гэхдээ манай улсын хувьд эдийн засгийн хориг арга хэмжээ авахуулах эрсдэл бага. Учир нь, тухайн улсуудтай эдийн засгаар шууд холбогддоггүй. Өрнийн орнуудаас бид түүхий эд, хэрэглээний бараа экспортолдог болохоос биш манай улсын эдийн засгийг системээр нь хямруулах харилцаа байхгүй шүү дээ.  

Харин хөрш орнуудтайгаа эдийн засгийн харилцаанд асуудал үүсэхээр маш их хүндрэл, саад бэрхшээл үүсдэгийг бид харж байгаа. Нөгөө талдаа өрнийн улсууд хоёр талын гэрээгээр Монгол Улсад тодорхой түвшинд хөрөнгө оруулалт, зээл тусламж үзүүлж байгаа ч тэр нь эрсдэл үүсгэх хэмжээнд биш. Монгол Улстай урт хугацаанд харилцаж буй харилцаагаа цаашид хадгалж үлдье гэж бодож буй улсууд тийм гоомой алхам хийхгүй.

Б.ХОНГОРЗУЛ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу