Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өнгөрсөн хоёрдугаар сард нийслэлд олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн сайдын тушаалаар тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлсэн билээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр, тээврийн хэрэгслийн бүртгэл нийслэлд шилжин ирж байгаатай холбогдуулан бүртгэлийн системд өөрчлөлт оруулах ажлууд үргэлжилж буй ажээ.

Нийслэлд өнөөдрийн байдлаар, 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон 55 мянган тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байна. Дээрх тээврийн хэрэгслүүдийг үзлэг, оношилгоонд орж тэнцсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах аж.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлснээр, өнгөрсөн жилүүдэд жилд 50-60 мянган тээврийн хэрэгсэл импортоор ирж, улсын бүртгэлийн дугаар авдаг байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 89 мянган тээврийн хэрэгсэл улсын бүртгэлийн дугаар авчээ.

Тус төвийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар 730 мянга давчихсан. Үүнтэй холбоотойгоор Ажлын хэсгээс автобус, чиргүүл, зүтгүүр, мотоцикл, цистерн, механизмыг шалгуур үзүүлэлтэд оролцуулахгүй байх саналыг журамд тусгуулахаар боловсруулж байна” гэж мэдээлжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу