“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь 0146 дугаар цэргийн ангийн хоёр алба хаагч дэглүүлсний улмаас биеийн байдал нь муудаж, Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орохоор болсон” гэсэн мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээллийг холбогдох албаныхан үгүйсгэж байна.

Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Г.Чинзориг хэлэхдээ “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цэргийн ангид алба хааж байсан цэргийн алба хаагч дэглүүлж, цэргийн госпитальд хагалгаанд орох гэж байна гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгье.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан 0146 дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн эмч нар хилийн салбарт үзлэг хийж байхдаа 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдсан хоёр алба хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлсэн. Тэднийг тус аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, ар гэрийнхнийх нь зөвшөөрлөөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн, эмчилгээ хийж байна.

Хоёр алба хаагчийн өвчин гаднын нөлөө, гэмтэл бэртлээс үүдээгүй. Удахгүй хагалгаанд орно. Өвчний талаарх мэдээлэл хүний хувийн нууц учир мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу