Өмнөд Солонгосын тагнуулын алба өнгөрсөн Лхагва гарагт “Хойд Солонгос энэ оны эхээр үерийн улмаас их хэмжээний хохирол учирсантай холбоотойгоор хариуцлага тооцож, олон албан тушаалтныг цаазалсан байж болзошгүй шинж тэмдэг илэрснийг анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгдэв.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долдугаар сарын сүүлээр болсон намын Улс төрийн товчооны шуурхай хуралдаан дээр хойд нутгийн Жаганг, Хойд Пёнган мужууд хүчтэй аадар бороо орсны улмаас үерт автаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн албаны хүмүүсийг шийтгэхээ мэдэгджээ.

БНСУ-ын Үндэсний тагнуулын алба “Хойд Солонгос албан тушаалнуудаа цаазаар авсан байж болзошгүй шинж тэмдгийг илрүүлсний дараа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэж мэдэгдсэн байна.

Хойдын эрх баригч намын Жаган мужийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Кан Понг Хун цаазлуулсан албан тушаалтнуудын дунд байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Хойд Солонгосын төрийн хэвлэл “Улс төрийн товчооны хурлын үеэр Канг болон Олон нийтийн аюулгүй байдлын сайд Ри Тхэ Соп зэрэг бусад өндөр албан тушаалтнуудыг үерийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсантай холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлсөн” гэж мэдээлжээ.

Өмнөд Солонгосын “Chosun” телевизээр өнгөрсөн Лхагва гарагт “Байгалийн гамшгийн үеэр хариуцлага алдсан орон нутгийн засаг захиргааны 20-30 өндөр албан тушаалтныг цаазалсан” гэх баримтыг дэлгэсэн байна.

Солонгосын Төв мэдээний агентлаг долдугаар сард нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас Хятадын хил дагуух бүс нутаг хамгийн их хохирол амссан гэж мэдээлжээ. Тодруулбал, тус нутагт 4000 гаруй айлын орон сууц урсаж, 3300 гектар газар, авто болон төмөр зам усанд автаж, 5000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: YONHAP, CHUSON
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу