Намрын дунд сар хэдийнэ гарчээ. Өглөө сэрүүхэн, манан татсан байх ба өдөр нь налайтал халж, урт удаан үргэлжилнэ. Хотын амьдрал ид өрнөж, чимээ шуугиан ч үл тасарна. 
“Намар бол урлаг, бусад нь зүгээр л улирал юм” /Жэмал Сүрэяа/. 
Байгалийн зүй тогтлын дагуу бид дөрвөн улирал ээлжлэн байх газар оронд амьдардаг. Үүнийг өөр өөрийнхөөрөө мэдрэхийн сацуу ахуй амьдралаа зохицуулж ирсэн. Улирал бүхэн өөрийн гоо сайхантай бөгөөд гагцхүү тэр сайхныг мэдэрч чадах эсэх нь хүний л асуудал.
Тэгвэл бусдаас илүү “намар” яагаад урлаг юм бэ. Намрын тухай магтан дуулсан яруу найрагч, зохиолч, дуучин олон бий. Тэд ихэвчлэн сэтгэлд тэмтрэгдэх эмзэг, турьхан, тансаг бүхнийг өгүүлдэг.
“Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ”
гэх дууг аялаагүй хүн ховор. Мөн намрын бороо тэр дороо арилах нь ховор. Хэд гурван өдөр зүсэрч л байдаг. Зүсэрсэн их бороонд шалба норон бөгтийсөн навчны гуниг хүнд харагдахуйц нам гүн болчихдог хэрэг үү. Энэ мэтчилэн хорвоо дэлхийн үзэсгэлэн гоо, хөг эгшиг бүрийг ажвал сэтгэлийн их баясалд цаг хугацаа ч зогсох биз ээ.
Бидний хотын өнгө төрх ч намрын улиралтай гайхалтай зохицдог. Хичээл сургууль эхэлж хөл хөдөлгөөнтэй өдрүүдэд навч тасран унаад газраар нэг хөглөрнө. Түүн дээгүүр алхах залуус хайр дурлал, инээд хөөрөөр дүүрэн байдаг. Сэтгэл санаа ер бусын өөр болж, бусад улиралд мэдрээгүйг мэдэрдэг нь “намрын шид” биз ээ.
Энгийн үгээр тайлбарлахад,
  • Байгаль дахь өөрчлөлт: Намар байгаль нь маш их өөрчлөлттэй байдаг. Модны навчнууд өнгө хувирч шар, улаан, улбар шар болдог. Энэ нь байгальд өвөрмөц, гоо үзэсгэлэнг бий болгож, хүмүүсийг намрын өнгө аяс, гоо сайхныг мэдрэхэд хүргэдэг. Мөн өдөр богиносож, агаарын хэм багасдаг нь өвлийн улиралд бэлдэхийг сануулдаг.
  • Соёл, уламжлал: Олон соёлд намрын улирал нь баяр ёслол, уламжлалт арга хэмжээнүүдтэй холбоотой байдаг. Жишээлбэл, Азийн орнуудад намрын дунд сарын баяр, баруунд Халловин болон Талархлын өдөр зэрэг баяр тэмдэглэдэг. Харин манай улсад намрын дунд сарын шинийн 17-ны билигт сайн өдөр хурим найр, сэвлэг үргээх ёслол зэргийг товлон хийдэг байна. 
  • Сэтгэл санааны өөрчлөлт: Намар нь тайван, нам гүм, бодлогошронгуй мэдрэмжийг төрүүлдэг. Зуны хөл хөдөлгөөнтэй, хөнгөн цаг улирч, хүмүүс илүү дотогшоо хандлагатай болж, амьдралын утга учрыг эргэцүүлэн боддог үе байдаг.
Өвөлд биеэ, сэтгэл санаагаа бэлдэх үе гэж ойлгож болох нь. Тэгвэл төгс гоо үзэсгэлэнг түрхэн зуур мэдрүүлээд л өнгөрөх энэ улирлыг дуусахаас өмнө юу хийж болох вэ. Магадгүй юу ч хийлгүй мэдрээд л өнгөрч болох юм. Гэхдээ цаг хугацааны хамгийн сайхан мөчөөс үлдсэн дурсамж хүний амьдралын хамгийн үнэт зүйл болох вий. Тиймээс дараах бяцхан зөвлөгөөг хүргье.
Намрын улиралд ганцаараа аялах нь байгалийн үзэсгэлэнт өнгийг мэдрэх, дотоод амар амгаланг олох гайхалтай боломж юм.Тиймээс ганцаараа хийж болох намрын аялалын цөөн хэдэн санааг хуваалцаж байна.
1. Ой, уулын явган аялал
  • Намрын навчис ой модыг алтан, улаан, улбар шар өнгөөр бүрхэнэ. Ой мод, уулын зам дагаж алхах нь байгалийн тайван байдлыг мэдрэх хамгийн сайхан боломж юм. Явган аяллын үеэр та дасгал хөдөлгөөн хангалттай хийхээс гадна, нам гүм орчинд дотоод бодолдоо төвлөрч болно.
  • Санал болгох газар: Богд хан уул, Хөвсгөлийн уулс, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор, Гачуурт Арцатын ам, Бэлх, Сэлхийн уулс, Туул гол.

2. Нуурын эрэг дээр амрах аялал
  • Намар бол усны гадарга, орчны байгалийн сайхныг мэдрэхэд тохиромжтой үе. Нуурын эрэг дээр майхан барьж, ном унших, зураг зурах, эсвэл зүгээр л усны чимээг сонсон амрах нь сэтгэлээ сэргээх аялал болно.
  • Санал болгох газар: Хөвсгөл нуур, Хар-Ус нуур, Тэрхийн цагаан нуур, Гачуурт орчмын Туул гол, Сэлбэ голын эх хиймэл нуур, Богд уулын горхи.

3. Хот сууринтай танилцах аялал
  • Намар бол хотын гудамжинд алхаж, орон нутгийн соёл, түүхтэй танилцах сайхан боломж юм. Намрын сэвшээ салхинд хотын музей, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, тухайн хотын кафе, ресторануудаар зочилж тайван цагийг өнгөрөөж болно.
  • Санал болгох газар: Улаанбаатар хотын музейд, Богдын музей, Их сургуулийн гудамж, Ж.Самбуугын гудамж (Тэнгис орчим), Бээжингийн гудамж г.м
4. Өөртөө зориулсан бясалгал, йогийн аялал
  • Намар байгаль дунд ганцаарчилсан йога, бясалгал хийх нь сэтгэлээ ариусгаж, бие махбодио амраах боломж олгоно. Энэ төрлийн аяллыг байгалийн үзэсгэлэнт газруудад хийх нь илүү үр дүнтэй.
5. Урлагийн болон гэрэл зургийн аялал

  • Навчны өнгө хувиралт, нарны алтан туяа зэрэг нь намрын улиралд гайхалтай гэрэл зураг авах боломжийг олгодог. Мөн та зураг зурах, дуу бичих зэргийг ч төлөвлөж болно. (Нийслэл хот маань асуудал бухимдлаас өөрөөр харж чадвал үнэхээр л Азийн цагаан дагина юм шүү)
Ингээд та амралт чөлөөт цагаараа гоо сайхан улиралтай танилцаж, өөрийгөө амраах багахан зөвлөгөөг уншлаа. Цаг хугацаа улиран одох бүрт бидэнд үлдэх хамгийн үнэтэй зүйл нь дурсамж юм шүү. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу