Монгол Улсад Боловсролыг зээлийн сан гэж жирийн иргэд тэр бүр мэддэггүй, мэдээлэлд ойр хүмүүс бүгд хуруу, гараа дүрсэн сан бий. Тэгвэл Боловсролын зээлийн сангаас гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа Ашигт малтмал, газрын тосны газарт “Сургалтын урамшуулал” сангийн мэдээллийг өмнө нь бид ил болгосон.

Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 32 компанийн мөнгөөр Сургалтын урамшуулал сан санхүүждэг. Тус компаниудын Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд “Сургалтын урамшуулал” санд жил бүр санхүүжилт хийгддэг байна. Сургалтын урамшууллын санд төвлөрсөн нийт хөрөнгө 12.418.346 ам.доллар аж. Нэг ам.долларыг өнөөдрийн ханшаар 3525 төгрөг гэж тооцвол 43 тэрбум 774 сая төгрөг болж байна.

Тэгвэл Сургалтын урамшуулал сангийн хөрөнгөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өөрийн туслахаар ажиллаж байсан Жаргалсайханы Чинболдыг Сургалтын урамшууллын хөрөнгөөр Австрали улсын Гриффитийн их сургуульд Уул уурхайн хөгжлийн бодлого чиглэлээр суралцуулжээ.

Ж.Чинболдыг Австрали улсын Гриффийн их сургуульд суралцах гэрээ зурагдаж байхад тэр Шадар сайд Я.Содбаатарын туслахаар ажиллаж байв.

Гэрээг 2020 оны 06 дугаар 18 өдөр АМГТГ-ын дарга Хэрлэнгийн 20/03 дугаартай тушаалаар баталгаажуулсан байгаа юм. Гэрээ баталгаажиж байхад Ж.Чинболд нь тухайн үеийн Шадар сайд Я.Содбаатарын туслахаар ажиллаж байсныг дээрх баримтаас харж болно. 

Сургалтын урамшууллын сангаас 2021-2022 оны хичээлийн жилд 25000 ам.доллар шилжүүлсэн байна. Энэ нь нэг жилийн төлбөр бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг мөн төлсөн байх аж. Ж.Чинболд нь одоо Австрали улсад сурч байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. 

ЕТГ-ын дарга Я.Содбаатар Үйлдвэр худалдааны дэд сайд байхдаа өөрөө хүсэлт гарган тус яамны хэвлэл мэдээллийн ажилтан Туяагэрэлийн охин Т.Золбоотод АМГТХЭГ-ын даргын 2007 оны 197 дугаар тушаалаар БНСУ-ын Сөүлийн их сургуульд суралцах сургалтын зардалд зориулан 4000 ам.долларыг нэг удаагийн тусламж болгон хувийн харилцах данс руу нь шилжүүлж ноцтой зөрчил гаргасныг 2007 онд аудитын байгууллага тогтоож байсан билээ.

Энэ мэтчилэн жирийн иргэдийн хүүхдүүдэд олддоггүй Боловсролын зээлийн сан, Сургалтын урамшууллын сангийн боломжуудыг эрх мэдэл, албан тушаалтнууд өөрт ойр хамаарал бүхий хүмүүстээ олгож ирсний нэг жишээ энэ юм. 

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу