Парис-2024 XVII удаагийн паралимпын наадам үргэлжилж буй. Энэ удаагийн паралимпод Монгол Улсаас 12 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж байгаа билээ. Одоогийн байдлаар Монгол Улс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар медалийн чансааны 44-р байранд жагсаж байна.

Тодруулбал, Таеквондогийн эмэгтэйчүүдийн төрөлд У.Сүрэнжав алтан медаль, эрэгтэйчүүдийн төрөлд Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлт (F40)-ийн төрөлд Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн. 

Паралимпын алтан медальт У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар өнөөдөр /2024.09.06/ эх орондоо ирлээ. 

Энэ үеэр ОУХМ У.Сүрэнжав сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Маш сайхан байна. Анхны эмэгтэй олимпын аварга гэж сонсоод өөрөөрөө маш их бахархсан. Би энэ медалийг авах гэж өдөр бүр багштайгаа, баг хамт олонтойгоо бэлтгэлээ хийсэн. Зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байна. Цаашдаа спортоороо үргэлжлүүлэн хичээллэнэ. Лос Анжелесийн олимпод оролцоно гэсэн зорилготой байгаа. Аав, ээж маань анхнаасаа л миний хүслээр, хийнэ гэсэн бүх зүйлийг минь зөвшөөрдөг байсан. Аав ээж хоёртоо маш их баярлалаа” гэв.

                                       

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу