“Цээнэ клиник” эмнэлгийн Хүүхдийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяр ээж, аавуудад хандан хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулахдаа чихэр өгөхгүй байхыг сануулжээ. 

Тэрбээр “Бид өөрсдөө хүүхдээ хорлодог юм байна. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй ээж, аавуудад зориулж мэдэхгүйгээсээ болж алдсан аав хүний хувьд нэг зүйл захих гэсэн юм. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь өгөхдөө аргадаж, чихэр ундаа бариулаад оруулж байгаа дүр зурагтай өдөр бүр таарч байна. Тэгээд зургаан жилийн өмнөх өөрийгөө харлаа. Тийм болохоор алдааг минь давтаж хүүхдийнхээ ирээдүйн эрүүл мэндийг битгий эрсдэлд оруулаасай гэж хүсэж байна.

Би том охиноо анх ой таван сартай байхад нь цэцэрлэгт өгөхдөө уйлуулахгүй гэж өдөр бүр “моам” гэдэг чихэр авч өгдөг байлаа. Тэрнийхээ горыг амсаж, охины минь бүх сүүн шүд хорхойтсон. Заримыг нь авхуулсан. Одоо ч зарим нь унаж дуусаагүй байна.

Сүүн шүд нь их удаан унаж, зарим ясан шүдний хэлбэр алдагдаж байна. Байн байн гэдэс өвдлөө гэдэг зовиур хэлдэг болсон, хурц хоол идвэл гүйлгэх янзтай. Ер нь бол яг сайн эрүүл өсөхгүй л байна.

Юу гэх гээд байна вэ гэхээр,

Чихэр, ундаа гэх мэт сахарын агууламж өндөртэй зүйлс ганц шүд биш, хоол боловсруулах эрхтнүүд ялангуяа ходоод, нойр булчирхайд ачаалал өгч үрэвсэл үүсгэдэг. Энэ нь бага багаар даамжирсаар хүндэрдэг. Хорхойтой шүдтэй яваад л байвал цаашлаад бүр хүнд өвчний эх суурь тавигдана.

Тийм болохоор хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгөхдөө чихэр ундаагаар битгий хуурч оруулаарай. Өлөн элгэн дээр нь сахарын өндөр агууламжтай зүйл битгий өгөөрэй. Хүүхдийнхээ юу идэж, ууж байгаад анхаараарай. Амны хөндийд нь хамгийн түрүүнд анхаарал хандуулаарай” хэмээн цахим хуудастаа бичжээ. 
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу