Шүлэг уншиж, халуун кофе уунгаа санааширч суумаар тийм л өдөр аж. Хаврын урсгал зүрх рүү шуурч, хаврын найраг уншиж суумаар өдөр санж. Ийм л өдөр яруу найрагч Д.Баянтунгалагийн шүлгүүд хань болно.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Дамдинсүрэнгийн Баянтунгалагийн “Гүлрансын мөнгөн навчис” номын шүлгүүдээс дээжилж байна.

*          *          *          *

Ангир ганганах ямархан тэнгэрийн өглөө вэ

Адуу тургилах ямархан зөөлөн эгшиг вэ

Саран хээрлэх ямархан өдрийн алхаа вэ

Салхин үүсэх ямархан цасны будраа вэ

Манан хөглөрөх ямархан шөнийн зүүд вэ

Марал буга давхих ямархан уран зураг вэ

Өвс ногоо намжирдах ямархан сормуусны галбир вэ

Өвөл хавар зөрөлдөх нь ямархан улирлын нүүдэл вэ

Толгод толгодын дундаас ямархан зэрэглээ цогино вэ

Тоос тоосны үзүүрээс ямархан сураг дуулдана вэ

Бүсгүй биеийн энгэрээс ямархан шувуу ниснэ вэ

Бүүрэгт эмээлийн дөрөөнөөс ямархан хөвүүн мордоно вэ

Бороо цасны манаргаанаас ямархан үүтгэл үүснэ вэ

Болох болохгүйн заагаас ямархан амьдрал үүднэ вэ

Мандах жаргах нарны хооронд ямархан өөдөр эхлэнэ вэ

Мартаж санахын зовлонгоос ямархан үлгэр гэтэлгэнэ вэ

Шүүдэр өшигчих хөлнөөс ямархан гэгээ туяарна вэ

Шүлэг бичих мутараас ямархан хутаг тодорно вэ

2019.4.9

*          *          *          *

Өнөөх Нямсүрэнгийн бүлэг цагаан дэрс

Өчигдөрхөн албан газрын хашаанд сэрвэлзэж байх юм

Хажуугаар нь гарсан явган хүний хуучин зам

Хандмаагийн явсан гэрэлт зүгийн салхитайч юм бил үү

Тамхины минь саарал утаа гэнэт алга болж

Таашгүй сонин бодлууд толгойд чихэлдэн

Тэртээд нүүх галбир нь сарнисан үүлс

Тэнгисийн цагаан манан шиг үзэгдээд

Хуучин янзын модон гүүр, Эрээнцав тосгон нүд рүү орж

Хуучин ч гэсэн шинэ юм шиг роман уншуулна

Яагаад ингэж Нямсүрэнгийн бүлэг цагаан дэрс

Яруу найрагч залуу бид хоёрыг олзлов…

2019.3.15

 *          *          *          *

Дорны сүмэн өвсөөр бийр хийж шүлэг бичвэл

Инжинашийн харъяат болно

Домгийн буурал тэнгэрийн саран дотор сууж

Гулиранасийн мөнгөн навчсыг имрэхсэн

Бурхан гөрөөс алтан хөлөө дорж зогсох

Булаг шандын цэмцгэр ганган сайхныг

Ямар ч хувилгааны алганаас олж харахгүй

Янаг дэвшингүй Дарь-Эхийн бүрэлбаад залбирахсан

Өвс өвсөө эрээчсэн салхины тэнгис дунд

Өдөр өдрийн магнайг илбэн амирлаж

Ургасан сувд шиг хусны домгоор өөрийгөө чимж

Улаан сарнаас ирэх зүүдээр нь нэг гоёхсон

Чинийхээ тухай үсгийн дүрэм зохиож

Чисчүү торгон шүлгээр дээл урлаж бэлэглэхсэн

Энэ бүхэн зөвхөн тэнгэрийн л харъяатын гэгддэг

Инжинашийн шүлгийн сүмэн өвсний увидас байх…

*          *          *          *

Аав л ижий хоёр минь бурханд хүргэсэн эх орон болно, би

Аз хурайлсан зүрхэн тарнитай эх орон болно, би

Дээд тэнгэрээс гоо марал залрах эх орон болно, би

Дэргэд минь Янжинлхамын мутар гэрэлтэх эх орон болно, би

Тэнгис далай гатлах эр зоригийн эх орон болно, би

Тэнэг явсан ч үхэлд хүргэдэггүй эх орон болно, би

Халгай нь түлдэг хайр нь түлдэггүй эх орон болно, би

Хасбуу тамгаар даяныг дарласан эх орон болно, би

Бурхан халдуны онгонд Чингис шингэсэн эх орон болно, би

Бууны сум нэвтэрдэггүй хуяг дуулгатай эх орон болно би

*          *          *          *

Сүрэнжав багш минь нутаг руугаа явчихлаа

Сүнсний ертөнц рүү

Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Арлааны Эрдэн-Очир

Дархад Мягаа, Лхамсүрэнжавын Ганзул…

Дараа дараалан цувж одлоо

Хөх Булганыхаа таана ханхалсан энгэрээс

Хөсөг тэрэг хэзээ хөдлөхийг л хүлээж сууна

Тамхиа баагиулж шүлэг эрээчин

Таягаа тулан нулимстайгаа л алхалж явна даа

Энэ бүхэн хүний л тавилан юм байлгүй

Элж одсон бусдын жамаас асуултай нь биш…

2018.12.23

*          *          *          *

Дотоод анирын зул аажуухнаар бөхөхөд

Дорноос үүрийн гэгээ болж манддаг, би

Цэцгийн сүрчигтэй салхи эр бие рүү урсахад

Цэнхэр гүцтэй дарс тогоруу болдог

Бүүр түүрхэн харгуйгаар хэн нэгэн зорьж

Бүсгүйн биеийн галбираа надад гайхуулахад

Өвсний шивнээн дундуур малтах шоргоолж болж

Өс хонзонгоо сарны нулимсаар эдгээдэг

Ийм л хачин араншинтай, би

Энэнээс илүү эрх чөлөө хаа ч үгүй

*          *          *          *

Нэг их сарлагийн үүл зөрөөд өнгөрлөө

Нэт холын нөхөр ийм л хүнсэн

Дарс уулзуулж салхисан чамайг би

Данзангийн Нямсүрэнгийн шүлэгнээс эрэхсэн

Лаа мэт бадрагч амирлангуйн зөргөөр

Лав л би зуун жилийг мөнх үзнэ

Галзуу дарсыг хөнтрөөд л яваад өгнө

Гамнаж явсан сэтгэлийг минь хэн өршөөнө

Гэр замдаа харьж явахад нэг юм зүрх рүү часхийж

Гэнэт Сергей Есенин танил трубка зуусаар

Ноёлогч хөргөө над руу илгээх нь

Ноднин өвлийн уушийн газрын явдал мөн өө

*          *          *          * 

Яруу найрагч Л .Ганзулын гэгээн дурсгалд

Жаахан муу шавь минь

Жавар хөлөглөөд яагаад явчихав

Хоржоонтой хөөрхөн инээж суудаг

Ховорхон дүр чинь дахиад надад үзэгдэхгүй

Шүлгийг чинь сонсох гэж

Шүүрс алдан хүлээж байдаг

Нутаг бид хоёр чинь

Нулимстай л сууна даа

Харьж нэг ирэхэд чинь

Харин багш нь тосохгүй дээ

Тэнгэрийн орноо явчихсан

Тэндээс л чамайг эрэх байх даа

Яагаад гэж би одоо асуугаад яахав дээ

Яруу найрагчийн зовлон юм байлгүй дээ

Балгийн голдоо хонь эргүүлэхээр явсан юм гэж

Багш нь дэмий л өөрийгөө хуурч сууна даа

Нэрмэлийн юм надад өгдөг Хурганых

Ижий чинь алга

Нэгдлийн төвөөр дайрч гардаг зам нь яг хэвээрээ

Тэр жилийнх шиг шуугиж шаагиж

Тэндээс буцсан дурсамж

Хануйн хөвөөнд л байгаа байх даа

Аршааны эхэнд чулуу дэрлэж

Авахуулсан зураг чинь яг хэвээрээ үлдсэн

Дахиад тэнд би очоод чамтай уулзах биш

Даанч хатуу хорвоо юм даа, хөөрхий

*          *          *          *

…Салхин зүгээс бүсгүй хүний танихгүй үнэр сэнхийж

Санаандгүй ганц нэг бадаг татаж суухад

Үүл ологносон хурмастын ув улаан зөргөөр

Үсэг бичиг шиг тунгалаг гэгээ татмуй

*          *          *          *

Аавыгаа би эргэж очлоо

Алгаа дэлгэж золгосонгүй тэнд…

Хөх чулуунд хувилсан нэрийг нь алгаараа илж зогслоо

Хөл дор өвлийн цас аргадангуй гиншинэ…

Зөн совин хөвчийн гүнд тэнэж

Зөөлөн хөвдөн дээр гөрөөсний нойтон арьс харагдана

Шилмүүсний алтан талст хөвсөн цайнд

Ширхэг ширхэгээр цасны будраа хайлна…

Надад байсан, одоо зүрхэнд л үлдсэн

Наран шарга морь харанхуйг цуучин янцгаана

Ийм л зураг сэтгэлийн нүдэнд тодорно

Энгэрийн бүлээхэн хондонд үүрд нутаглуулсан та минь хөөрхий…

Анхны хүүхэд, анхны ном, анхны шагнал

Амьд хөрөг үлдээж өөрөө урвасан бүсгүй

Заяаг минь түшиж шүлэгтэй минь хамт ирсэн

Зартай нэртэй найрагч бүсгүй хань минь

Өчнөөн олон юм учирч хагацаж

Өрцөнд хөндүүр эмзэглэл үлдээсэн үү

Ганц л юм дутуу байх юм

Гараа дэлгэн золгох эцэг минь зүүдэнд бүтэн

Хоёр замтай хорвоод

Холгуулж зовсон зүрх минь

Галд унасан навч шиг

Ганцхан хурамд шатна

Амьдрал мөнх өө…!

*          *          *          *

Усны цохилго гүл гүл хийнэ

Урьд нь би зөндөө сонссон

Усны цохилго гүл гүл хийнэ

Удаан гэгч нь чагнан суулаа

Энэ хүн шувуу жиргэх усны цохилго гүл гүл хийхийг анзаардаггүй ч байж болно.

Бодь амгалан сэтгэлтэй…

Дүүрэн заяа-сэлбэж урссан

Туул нүдэн

Зүдэг хорвоод бүдэг явах ёсгүй…

Дүүлгэр, дөнгөж сая л амьдралтай эвлэрлээ эмнэг заяа минь гэж

Дүнжингаравын хормойд чи минь надад хэллээ…

Он жилүүдийн цаана чи намайг хүлээж байсан

Ой шуугиж цэцэг анхилам хорвоо…

 *          *          *          *

Ач санах-атаа хонзогнох

Алгаа дэлгэх-амиа сэлгэх

Буян нүгэл нүүрлэсэн

Буудал суудал хорвоо!

Тэнгэртээ залбирах-энгэртээ тэврэх

Тэргүүнээ өргөх…

Илд далайсан ч-сүү өргөсөн ч

Элэг нэгтэй Монгол хорвоо

Хараал хэлсэн ч гараа дэлгэсэн ч

Хамт л элэх тавилант хорвоо

*          *          *          *

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу