Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.01.18/ танилцуулав.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: -Хүүхдийн мөнгөний шинэчлэгдсэн журам батлагдсанаас болж олон нийтийн дунд бухимдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас шуурхай ажлын хэсэг байгуулж, 14-21 хоногийн хугацаанд эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ талаар өдөр тутам мэдээлэл хийнэ. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой өрхийн мэдээллийн сан нь нэгжийн анхан шатандаа мэдээллийг зохих түвшинд хийдэггүй, шинэчлээгүйгээс давхардал үүссэн гэдэг урьдчилсан дүгнэлтийг гаргалаа. Засгийн газраас албаныхныг шуурхай ажиллах үүрэг чиглэлийг өгч байна. Засгийн газраас Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор УИХ-д 2023 оны төсвийг өргөн барьсан байдаг. Төсвийн хууль батлагдан гарахдаа хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоос илүүтэй халамжийн нэг төрөл болсон. Тийм учраас 91 хувийг зөв тодорхойлж, 91 хувь буюу 1,039,000 хүүхдэд мөнгө олгохоор тооцоолсон. Хүүхдийн мөнгийг 17 жил олгож буй.

Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд мөнгөө авалгүй хоцорч байгаагүй. Одоо ч нэг сарын хоцрогдолгүй мөнгөө авна.  Эдгээр хүүхдүүдээс өрхийн мэдээллийн сангийн мэдээллээр тодорхой болсон 823.354 хүүхдийн мөнгийг өнөөдөртөө багтаж дансанд нь шилжүүлнэ. Ингэснээр нийт 91 хувийн 72 хувь нь хамрагдаж байна гэсэн үг. Цахим хэлбэрээр 21.513 өрх мэдээллээ залруулах хүсэлт ирүүлсэн бол хот болон орон нутгаас 37.478 иргэн утсаар холбогдож, мэдээллээ нягталжээ. Мөн 22.389 иргэн сум болон хороондоо очиж, мэдээллээ нягталсан бөгөөд нийт 69 мянга гаруй иргэн халамжийн нийгмийн ажилтанд хандсан байна. Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16 мянган өрхийн мэдээллийг шуурхай засварласан. Хүүхдийн мөнгө авах ёстой 91 хувийн өрх айлын хүүхдүүд бүрэн мөнгөө хамрагдана. Харин өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийн зөрүү үүссэн иргэдийн хүүхдүүдийн мэдээллийг залруулах ажлыг төр анхаарч, 14-21 хоног залруулна. И-Монголиа системийн ачааллыг салбар яамнаас анхаарч, залруулсан гэдгийг хэлье.

Төрийн зургаан байгууллагын мэдээллийн зөрүүтэй байдал нь цахим шилжилтэд шилжих энэ явцад ил гарч ирж байна. Монголд хэрэгжиж буй зарим хууль тогтоомжийг бүрэн хэрэгжүүлдэггүй байсантай холбоотойгоор өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Улсын бүртгэлийн байгууллагаас энэ чиглэлээр олон ажлыг хийж ирсэн.

Засгийн газраас халамжаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого руу чиглэнэ. Улсын хөдөлмөр эрхлэх насны нэг хүнд оногдож байгаа халамжийг мэдээллийг маргааш танилцуулна. Хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгох хуулийн өөрчлөлтийг 2022 оны арваннэгдүгээр сард УИХ-аар баталсан. Цаашилбал, эдийн засаг, өрхийн амжиргаа сайжрах нөхцөлтэй уялдуулан хүүхдийн мөнгийг олгож буй хувь хэмжээг шат дараатай буулгана.