УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу ирэх сарын 1-нд эхэлнэ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл багтсан.

Засгийн газар жил бүрийн төсвийн төслийг есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж байхаар хуульчилсан. Энэ дагуу Засгийн газар хуулийн хугацаанд багтаж, 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авч буй.

Сангийн сайд Б.Жавхлан энэ сард ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэхдээ, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2024 оны эхний улиралд 16.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19 хувиар, 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон бодит ДНБ 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар тус тус өссөн, эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйгаас бусад салбарууд эерэг хувь нэмэр оруулсныг онцолсон юм.

Засгийн газар ирэх оны макро эдийн засгийг хэт өөдрөгөөр төсөөлжээ. Өргөн барьсан төслөөс харахад, эдийн засгийн өсөлт 2025 онд уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл,  хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбаруудын өсөлттэй холбоотойгоор өмнөх оноос эрчимжиж, 8 орчим хувьд хүрэхээр төсөөлсөн байна.

Тухайлбал, “Оюутолгой”-н гүнийн уурхайгаас олборлох зэсийн баяжмалын үйлдвэрлэл болон баяжмал дахь зэс, алтны агуулга нэмэгдсэнээр уул уурхайн салбар 2025 оны эдийн засгийн өсөлтийн гуравны нэгийг бүрдүүлж, экспортын орлого нэмэгдэн, өсөлтийг дэмжинэ гэсэн хүлээлттэй байгаа аж.

Уул уурхайн бус салбарын өсөлтийг 2025 онд 6.7 орчим хувь байхаар төсөөлжээ. Хөдөө аж ахуйн салбарт бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж, өвөлжилт, хаваржилт хэвийн үргэлжлэх нөхцөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2025 онд мөн өснө гэж тооцоолсон байна.

Мөн хувийн секторыг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлснээр иргэдийн цалингийн орлого сайжран, эдийн засгийн дотоод идэвхжлийг хөшүүрэгдэж, худалдаа, үйлчилгээний борлуулалт хадгалагдан, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ.

Хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төсөл, арга хэмжээ болон салбаруудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахыг зорьж байгаа аж. Тухайлбал, эрчим хүчний салбарт либералчлалыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийн боломжит хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн багтаамжийг тэлэх нь.

Салбаруудын үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, технологийн дэвшил, инновацыг дэмжих, тоног төхөөрөмжийн татвар, тарифыг хөнгөлөх бодлого хэрэгжүүлж, хөдөө аж ахуй, боловсруулах, уул уурхай гэх мэт салбаруудад эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож.

Мөн хөрш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийн гадаад эрэлтийг тэлснээр аж үйлдвэр, боловсруулах салбарыг дэмжихийн зэрэгцээ гадаад жуулчдын тоо, аялал жуулчлалын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд худалдаа, үйлчилгээний салбар болон бусад салбаруудын идэвхжилд эерэгээр нөлөөлнө гэж тооцсон байна.

Засгийн газар гадаад худалдаа эрчимжиж, 2025 онд нийт бараа эргэлт 32.8 тэрбум ам.долларт хүрч, худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарахаар төсөөлжээ. “Оюутолгой”-н зэсийн баяжмал дахь цэвэр зэс, алтны агуулга нэмэгдэж, Тавантолгойн бүлэг ордын нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор нүүрсний экспортод эзлэх чанар сайтай баяжуулсан нүүрсний хэмжээ нэмэгдэнэ гэж тооцож байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас экспортын зах зээлийг өргөжүүлэх, хилийн боомтуудын дэд бүтцийг нэмэгдүүлж, ачаа нэвтрүүлэх процессыг хөнгөвчлөх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр нийт экспортын дүн 2025 онд 18.9 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсөөлсөн байна.

Эдийн засгийн өсөлт тогтвортой хадгалагдаж, үйлдвэрлэлийн завсрын хэрэглээнд ашиглагдах бүтээгдэхүүний импорт нэмэгдэ, эдийн засгийг тэлэх томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, шинээр том төсөл эхлүүлснээр тоног төхөөрөмж, барилгын материалын импорт өснө гэж тооцоолжээ.

Үүний үр дүнд 2025 онд нийт импорт 13.9 тэрбум ам.долларт хүрч, 18 хувиар өсөхөөр төсөөлсөн байна. Мөн бараа, бүтээгдэхүүнийг импортлохтой холбоотой бүртгэлийг автоматжуулж, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өргөжүүлж, нэг боомт дээр төвлөрсөн ачааллыг бууруулснаар импортын барааны эргэлтийн хурд нэмэгдэхээр хүлээгдэж байгаа талаар төслийн төсөвдөө тусгажээ.

Экспортын орлого нэмэгдэж, гадаад өр төлбөрийн дарамт буурснаар 2025 онд төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын нөөц үргэлжлэн нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.

Засгийн газраас төсвийн алдагдлыг хязгаарлан, төв банкнаас мөнгөний хатуу бодлого баримталж, инфляцыг бууруулах чиглэлд уялдаатай ажиллана гэнэ. Дотоодын хүнсний инфляцыг бууруулах хүрээнд хөдөө аж ахуйн салбарт цогц шинэчлэл хийж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифаас чөлөөлөн, үйлдвэрлэл, технологийг дэмжих бодлого хэрэгжүүлж, дотоодын хүнсний нийлүүлэлт, худалдааны сүлжээг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж тусгажээ.

Мөн Засгийн газраас гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн үр дүнд экспортын орлого нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц нэмэгдсэнээр төгрөгийн ханш тогтвортой байх бөгөөд импортын гаралтай инфляцын буурах хандлага хэвээр хадгалагдах төлөвтэй байна гэж тооцоолсон аж.

Түүнчлэн эрчим хүчний найдвартай байдал, хөрөнгө оруулалт ба үйлдвэрлэлийн боломжит хүчин чадлыг нэмэгдүүлэх хүрээнд эрчим хүчний салбарын либералчлалыг эхлүүлэн, тарифын шинэчлэл хийж, бүтцийн өөрчлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, эрчим хүчний тариф өсөх нөлөөгөөр 2025 онд инфляц бага зэрэг өсөж, суурь үеийн нөлөө 1 жил хадгалагдана гэж үзжээ.

Эдгээр бодлого, арга хэмжээний үр дүнд инфляц 2025 оны эцэст 6.0 хувь орчимд байхаар төсөөлсөн байна. Харамсалтай нь, гадна, дотны шинжээчид бодит амьдрал дээр ирэх жил Монгол Улсын эдийн засаг эрх баригчдын хүссэнээр “өөдрөг” өсөлттэй байхгүй, харин ч хэт хөөсөрч, инфляц хөөрөгдөх эрсдэл өндөр байгааг анхааруулж буй юм.

Эдийн засагч Б.Лхагважав “Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буух таамаглалтай байна. Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, макро эдийн засгийн үзүүлэлт өрх гэрийн үүд хаалгаар орох ямар ч бодлого одоогоор гаргаагүй байна. Макро эдийн засгийн үзүүлэлтийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийг хасчихвал бусад салбарын дийлэнх нь хасахтай гарч байна.

Эдийн засгийн ийм уналтаас иргэд, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах ямар ч механизм алга. Ийм механизмыг бий болгох нь төрийн үүрэг. Түүнээс биш нүүрс, уул уурхайн салбараас нэгэнт ороод ирчихсэн орлогыг дахин хуваарилах нь тийм ч сонирхолтой ажил биш. Тиймээс уналтын үед зориулсан бодлого боловсруулах байх гэсэн хүлээлттэй байсан боловч  ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө, хүч зарцуулах ажлууд төлөвлөж байна. Би лав мөнгөний эх үүсвэр олж харахгүй байна” гэж мэдээлсэн юм.

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар банкны салбарын эхний хагас жилийн тайланг танилцуулах үеэр “Банкны салбар эхний хагас жилд 30 хувийн өсөлттэй байна. ДНБ 5 гаруй хувь, инфляц 5 гаруй хувьтай байхад зээлийн өсөлт хэт өндөр байгаа нь цаашид эдийн засаг хэт хөөсөрч, инфляц хөөрөгдөх эрсдэлтэй. Тиймээс хэт халалттай байна гэж үзэж байна” гэж мэдээлсэн.

Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс “Хамтарсан Засгийн газарт багтсан гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүү бууруулах заалт байсан. Харамсалтай нь, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зээлийн хүү бууруулах тодорхой заалт алга. Зээлийн хүү бууруулах сонирхол байгаа эсэх нь эргэлзээтэй байна.

Ялсан намын мөрийн хөтөлбөрт “Ногдол ашгаас татвар авахгүй” гэж байсан. Төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй гэж бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр заалтууд тусгасан байсанч төсвийн тодотголоор энэ нь боломжгүй боллоо. Амлалтаа биелүүлэх хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн ч Төрийн банк хувийн хэвшлийн банкуудтай өрсөлдөж байгааг хэлээд, “Төрийн банкийг нэн яаралтай хувьчлах шаардлагатай”-г онцолсон.

Урд хөрш БНХАУ-ын эдийн засаг 2024 оны эхний хагас жилд 5.0 хувиар өссөн. Энэ оны эхний улирлын хувийн хэрэглээ болон экспортын гүйцэтгэл төсөөллөөс сайн байсантай холбоотойгоор ОУВС тус улсын эдийн засгийн өсөлтийн 2024 оны төсөөллийг 5.0 хувь, 2025 оны төсөөллийг 4.5 хувь болгож, өмнөх төсөөллөөс тус бүр 0.4 нэгж хувиар нэмэгдүүлээд буй.

Гэвч 2024 оны эхний хагас жилийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 10.1 хувиар, борлуулалт 25.0 хувиар тус тус буурч, салбарын уналт үргэлжилсэн хэвээр байгаа юм.

Худалдааны эргэлт болон дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн эрэлт, үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул цаашид тус улс эдийн засгийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээний цар хүрээг хэрхэн тэлэх нь эдийн засгийн төлөвийг тодорхойлохоор байна.

Экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн гадаад зах зээл дээрх үнийн бууралт Монгол Улсын экспортын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийн орлого бүрдэх эсэх нь Хятадын эдийн засгаас шууд хамаарах билээ.

Мөн түүхий эдийн дэлхийн зах зээлд өндөр нөлөө бүхий БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, тус улсын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх нь Монгол Улсын экспортын түүхий эдийн эрэлт, үнийг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг хязгаарлах эрсдэлтэйг энд дахин дурдъя.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу