Хятадын “Huawei Technologies” (HWT.UL) компани дэлхийн хамгийн том ухаалаг утасны зах зээл дэх тэргүүллээ ахиулж, өнгөрсөн Мягмар гарагт 2800 ам.долларын үнэтэй, гурав эвхэгддэг утсаа танилцуулж, “Apple” (AAPL.O)-ийн анхаарлыг татахыг эрмэлзэж байна.

Тус компани бүтээгдэхүүнээ өөрийн хүчтэй өрсөлдөгч “Apple” компанийг “iPhone 16” загварын гар утсаа худалдаанд гаргаснаас хойш хэдхэн цагийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Тодруулбал, Хятадын технологийн аварга компани Шэньжэнь хотын технологийн төвд болсон нээлтийн ёслолын үеэр хэрэглэгчдэдээ гурав эвхэгддэг шинэ “Mate XT” утсаа танилцуулсан байна.

Тус компанийн цахим хуудаст, шинэ бүтээгдэхүүний захиалга хэдийнэ 4 сая давсан бөгөөд ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардлагагүй байсан талаар мэдээлжээ.

“Huawei Technologies” (HWT.UL) компанийн Гүйцэтгэх захирал Ричард Ю нээлтийн үеэр “Өнөөдөр бид та бүхэнд хүн бүрийн санаанд багтах ч хийж чадаагүй байсан бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Манай хамт олон таван жилийн турш шаргуу ажилласан бөгөөд хэзээ ч бууж өгөөгүй” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Өнөөдөр бид энэ салбарын шинэ түүхийг бичиж, шинжлэх ухааны уран зөгнөлийг бодит болгож, эвхэгддэг төхөөрөмжүүдийн шинэ эрин үеийг удирдах болно. Шинэ гар утас нь текстийн хураангуй, орчуулга, засварлах, мөн зургийн хүсээгүй хэсгийг тайрах гэх мэт хиймэл оюун ухаанаар сайжруулсан зураг засварлах функцүүдтэй. AI функцуудыг “Huawei”-ийн дотоод “Kylin” чипүүд дэмждэг” гэж нэмж хэлсэн байна.

“Mate XT” утас улаан, хар өнгөний сонголттой бөгөөд 10.2 инчийн дэлгэцтэй, 3.6 мм-ийн өргөнтэй ч нугалж эвхээд, гурав дахин жижиг болгох боломжтойгоороо онцлог аж. Үнийн хувьд нэлээн өндөр, 256 гигабайттай нь 19999 юань буюу 2.800 ам.доллараас эхэлж байгаа бол илүү өндөр санах ойтой хувилбарыг 21999 юань, 23999 юаниар авах боломжтой ажээ.

Ричард Юү “Huawei Mate XT бол дэлхийн анхны гурав нугардаг ухаалаг гар утас. Нийт эвхэгддэг загвартай гар утсаас хамгийн том бөгөөд хамгийн нимгэн нь юм. Бид дэлхийд анх удаагаа гадагшаа нугардаг, бас дотогшоо нугарахдаа завсар зайгүй үргэлж байдаг гар утсыг бүтээлээ” гэж тайлбарлажээ.

CNN-д мэлээлснээр, “Huawei Technologies” компани Америк, Хятадын технологийн өрсөлдөөнд хамгийн их хэлмэгдэж буй бөгөөд АНУ-ын технологийн олон хоригт орсон ч Хятадын зах зээлд тун амжилттай ажиллаж буй юм.

2024 оны эхний таван сард “Huawei Technologies” (HWT.UL) компанийн ухаалаг гар утасны борлуулалт өмнөх оны мөн үеэс 72 хувиар өсчээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу