АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Украины мөргөлдөөнийг зогсоохыг хүсч байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр өнгөрсөн Мягмар гарагт Пенсильвани муж улсын Филадельфи хотод Ардчилсан намаас нэр дэвшигч, АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харристай телевизийн мэтгэлцээнд оролцсон. Энэ үеэр Бүгд найрамдах намаас гаралтай АНУ-ын гишүүн Дональд Трамп “Киевийн эрх баригчдыг мөргөлдөөнд ялаасай гэж хүсэж байна уу” гэсэн асуултад “Украин дахь мөргөлдөөнийг зогсоохыг хүсэж байна. Би дайн дуусаасай гэж хүсэж байна” гэж хариулжээ.

Трамп мөн энэ хямралыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа ч Америкийн одоогийн засаг захиргаа Украины мөргөлдөөнийг зогсоох оролдлого хийхгүй байгааг тэмдэглэсэн байна.

Тэрбээр мөн ерөнхийлөгчийн сонгуульд ялбал тангараг өргөхөөсөө өмнө ч Украины мөргөлдөөнийг зохицуулах бодолтой байгаагаа дахин хэлжээ. Трамп өмнө нь хэрвээ 2020 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Украинд мөргөлдөөн гарахыг зөвшөөрөхгүйгээ удаа дараа мэдэгдэж байсан аж.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис өөрийн өрсөлдөгч Дональд Трампыг “Украинд тусламж үзүүлэхээс татгалзах хүсэлтэй байна” гэж буруутгажээ.

Тэрбээр “Дональд Трамп энэ дайныг 24 цагийн дотор дуусгана гэж хэлсэн. Энэ нь зүгээр л бууж өгөх юм байна гэдэгт би итгэж байна” гэж хэлсэн байна. Мөн Харрис “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй дор хаяж таван удаа уулзсанаа дахин хүлээн зөвшөөрч, Орос цэргийн тусгай ажиллагаа явуулахаас хэд хоногийн өмнө түүнд АНУ-ын тагнуулын мэдээллийг өгсөн” гэж мэдэгджээ.

Нэмж дурдахад, Харрис “Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй найрсаг харилцаатай тул Украинд үзүүлэх тусламжаас татгалзахад бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу