Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа лайв хийж, “Одоо бродюрын сэдвээр том баг ажиллуулж байгаа мэдээллийг би авсан. Зандаахүүгийн Энхболд үүр шөнийн заагаар чулуун бродюрыг цохиж хагалаад, зураг авчихаад явсан гэдэг мэдээллийг ч авсан” гэж мэдэгдсэн.

УИХ-ын дарга асан З.Энхболд лайв хийж, үүнд хариу өгчээ. Тэрбээр “Урд шөнө Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар гэдэг нөхөр намайг гүтгэжээ. Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд мод тарьж, долоо хоног болоод, Нарийнтээл, Уянга сумаар ороод, харих гэж байна. Уянга сумын “Эрх чөлөөний хөшөө”-ний хажууд байна.

Өвөрхангайд долоо хонож байгаа хүн яаж алх бариад, Улаанбаатарын бродюрыг хагалах вэ дээ. Тийм тэнэг мангар бодол Нямбаатарын толгойд л орохоос өөр хүний толгойд орохгүй байх. 23 мянган төгрөгийн бродюрыг 132 мянгаар авсан асуудалд хариулахын оронд алх бариад хагалсан тухай ярьж буй нь ойлгомжгүй.

УИХ-ын гишүүн байсан, Хотын дарга хүн ингэж доошоо орж, гүтгэлэг хийхээ боль. Залруулга гарга. Өвөрхангайд мод тарьж, буянтай ажил хийж яваа надад Улаанбаатарын сонгууль хамаагүй.

Харин ч бродюрын учрыг олъё гэж бодлоо. Чулуу юм бол яагаад алхаар цохихоор хагарчихдаг юм бэ. Чулуу хагардаггүй. Замаа засахын оронд яагаад бродюр солиод байдаг юм бэ. Энхболд бродюр хагалсан учраас замын ажлыг зогсооё гэж дараагийн сери явах юм байна.

Улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатарыг тохижуулж болно. Гэхдээ бродюр шиг мөнгө идэж болохгүй. Замаа барь.

Хотын ийм овлигогүй дарга үзээгүй. Сонгуулиар улаанбаатарчууд дүн тавих байх. Нямбаатар аа уучлал гуйгаарай, үгүй бол гүтгэсэн хэргээр цагдаад өгнө” гэжээ.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу