Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын малчин С.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

-Та хэдэн жил мал маллаж байна вэ?

-Би Сүхбаатар аймгийн уугуул, яг төрсөн газраа эргэж ирээд, малаа маллаад, нөхөр, зургаан хүүхдийн хамт амьдарч байна. Хөдөө хотоос гоё шүү дээ. Би хөдөөгөө магтах дуртай.

-Өнгөрсөн өвөл танай нутагт мөсөн зуд нүүрлэж, мал их хэмжээгээр хорогджээ. Хэчнээн толгой малтай үлдсэн бэ?

-Өнөө өвөл байгалийн гамшиг ширүүн байсан. Би жирэмсэн байсан учраас мал дээрээ бараг очоогүй, эмчийн хяналтад байсан. Хүн бүл муутай, нөхөр бараг л ганцаараа. Хүүхдүүд дотуур байрандаа амьдардаг. Нэг оюутантай, дахиад нэг оюутантай болж байна. Өвлийн хувьд ноднин хонь, ямаа нийлсэн 400-гаад малтай байсан. Одоо 200-гаад толгой мал үлдсэн. 100 гаруй хонь, ямаа, үхэр нийлээд 22 байсан одоо гуравтай л үлдсэн. Амьдрал баялаг юм чинь, болно гэж бодож байна.

-Зудад нэрвэгдсэн аймаг, сумдын малчдад олон улсын байгууллагууд харамгүй тусламж үзүүлсэн. Та бүхэн тусламжид хамрагдаж чадсан уу?

-Сум орон нутгаас дэмжлэг үзүүлсэн. НҮБ, Улаан загалмай зэрэг байгууллагуудаас хандив тусламж ирсэн. Тэдгээр тусламжийг хэрэгцээндээ зарцуулсан. Сум орон нутаг хадлангийн бэлчээр хомс гээд гаднаас өвс тэжээл авч байна. Манай нутаг олон жил гандуу байсан, өнөө жил бороо ус элбэгтэй, өвс боломжийн ургасан байна.

НҮБ-аас хоёр удаа мөнгөн тусламж олгосон. Нэмэр бололгүй яах вэ. Эхний удаа дөрөвдүгээр сард 660 мянган төгрөг, сая зургаан сард 550 мянган төгрөг дансанд шилжүүлсэн. Бид орж ирсэн мөнгөөр банкны зээлийн хүүгээ дарж, үлдсэнийг нь хэрэгцээндээ зарцуулсан.

-Байгалийн гамшиг тохиолдох үед малчин та бүхэнд ямар ямар бэрхшээл тулгарсан бэ?

-Дандаа хүний гар харж, улс орон бидэнд тусална гэж бодох хэрэггүй. Өөрсдийн боломжоор, зохих хэмжээнд бэлдэх ёстой. Улсын бус, бидний хувийн өмч учраас малчид бид өөрсдөө малаа зөв тордож явах нь зүйтэй гэж боддог. Бусад малчдын хувьд хэцүү нь хэцүү л байгаа байх.

Өвөл цас маш их орсон учраас жижиг тэрэг явах боломжгүй, орой ковшоор гаргаж өгсөн зам өглөө нь битүү цас болчихсон байсан. Гэхдээ нэмэр болоогүй. Оронд нь малчдад сайн машин тэргээр тусалсан бол болох байж дээ гэж бодогдсон. Ковшоор зам гаргачихдаг, цасыг нь түрээд явангуут овоорсон цас нь улам овоорох, эргэж хаагдах аюул их байсан. Малын хорогдол маш их байсан.

-Сум орон нутгаас тусалж дэмжсэн үү?

-Сум орон нутгаас бидэнд туслалцаа үзүүлсэн. Гэхдээ оройтсон л гэж боддог. Арваннэгдүгээр сарын 1-нээс ороод, арванхоёрдугаар сарын 20-д гэхэд зам даваа бүгд хаагдчихсан, өөрсдийнхөө машин тэргээр цас ухаад, 22 км-т 8 цаг явж очиж байсан. Тэр үед сум орон нутгаас туслаагүй. Хоёр сар гаргаад, мал үхээд, бараг 50 хувь давж байхад улс, сумаас оройтож тусламж ирсэн.

-Байгалийн гамшиг хэлж ирэхгүй. Ер нь цас зудны давтамж ойрхон байгаа үед улс орон нутаг юун дээр илүү их тусламж үзүүлж, гар сунгаасай гэж та бодож байна вэ?

-Намар болохоор өвсний үнэ 8-9 мянга болдог. Ноднин бүр 20 мянга давсан. Боломж нь байдаг бол малчдад арай хямд өвс өгвөл зүгээр. Өөрөөр хэлбэл, өвсөн дээр үнэ ханш тогтоох хэрэгтэй юм байна. Өвөлжөө, хаваржаагаа өөрсдөө янзалчихаж байна. Ер нь хадлан бэлчээр дээр л маш сайн туслалцаа үзүүлэх хэрэгтэй юм байна гэж бодогдсон.

-Танай суманд хандлангийн талбай байдаггүй юм уу?

-Урд нь байсан. Одоогоос дөрвөөс таван жилийн өмнө өөрсдөө 20, 30 км яваад, хадлангаа авчихдаг байсан. Одоо Хөлөнбуйр, Цагаан-Овоо руу явж авч байна. Багийн хадлан байдаг байсан. Бэлчээрийн даац хүрэхгүй гээд, багт хадлангийн газар өгөхөө больсон. Тийм учраас багийн дарга байсан хүн маань ноднин бидэнд Хөлөнбуйраас өвс хадах боломж олгосон.

Одоохондоо манай багт үндсэн хариуцсан дарга байхгүй, түр орлон гүйцэтгэгч бий. Яг зуд турхан болоход багийн дарга, сум орон нутаг, малчид хамтарч ажиллах нь их чухал юм билээ. Манай суманд тийм гурвалсан хамтын ажиллагаа огт байхгүй. Утсаар цаг хүндэрлээ гэж ярьсан. Тэр үед “За ойлголоо” л гэсэн. Тэгээд бидэнд хэрэгтэй үед тусламж үзүүлээгүй.

-Ирэх өвлийн бэлтгэлээ базааж эхэлсэн үү?

-Зохих хэмжээгээр бэлтгэлээ хангаж байна. Одоо 200 мал үлдсэнээс 50 нь хөгшин хөвөө юм бий. Тэрийгээ борлуулна, зохих хэмжээнд нядалгаанд оруулна.

-Мал маллаж амьдрах хэцүү байна уу?

-Хөдөө, мал маллаж амьдрах сайхан шүү дээ. Би зургаан хүүхдээ өсгөнгөө 24 жил мал маллаж байна. Том нь дөрөвдүгээр курсын оюутан, удаах нь 12 дугаар анги төгсөөд, Анагаах ухааны их сургуульд орсон. Хүүхдүүд минь голдуу эмч болох юм. Нэг нь шүдний эмч, нөгөө нь дүрс оношилгоогоор сурч байна. Наймдугаар ангид орсон нэг охин, дөрөвдүгээр ангид орсон нэг хүү байна. Ой дөрвөн сартай хүү, бас гурван сартай нэг жаахан маамуу байна аа.

-Малын буян их ээ л гэж ярьдаг. Гэтэл залуус хот руу “зугтаад” байдаг. Яагаад залуу малчид дайжаад байна вэ?

-Мал тавь ч тавьдахгүй, зуу ч зуудахгүй хүний амьдралд хэрэг болдог. Би мал маллах маш их сонирхолтой. Яагаад гэвэл, би Улаанбаатарт очиж амьдарч чадахгүй. Утаа, түгжрэл байна. Хөдөө тийм биш шүү дээ. Гараад л хөлдөөгчнөөсөө авч байгаа юм шиг сүүгээ саагаад уучихна, таргаа бүрээд идчихнэ, өрмөө авчихна. Хонь, ямаагаа хариулаад, махаа үнэгүй аваад идчихнэ.

Малчид хэдэн малтай байна яг тэр амьдралынхаа боломждоо тааруулаад ашиглаад байж чаддаг.  Залуу малчид ер нь цөөрсөн дөө. Би дөнгөж 40 гарч байгаа, бидний үеийн малчид цөөхөн байна. Малыг ашиг шим муутай гэж боддог юм уу, ер нь төв рүү их явж байна. Залууст мал дээр гарвал маш их баялаг хүлээж байгаа гэж хэлэх байна. Өөрийнхөө төрсөн нутгийг малчид л хамгаална. Тийм учраас би хөдөө амьдрах маш их дуртай.

-Хүүхдүүдээ малчин болгох уу?

-Гурван хүүгээ малчин болгоно гэж боддог. 25-30 нас хүртлээ боловсрол эзэмшээд, түүнээс хойш хөдөө мал дээр гарах сайхан. Хүмүүс голдуу хүүхдүүдээ сургууль соёл бараадуулахыг л хүсэж байна. Би бол эсрэгээрээ. Арван жилийн дараа миний хүүхдүүд нас биед хүрчихнэ, тэгээд хөдөөнийхөө амьдралыг аваад явах хэрэгтэй л гэж боддог.

-Хөдөөд ганц бие малчин эрчүүд олон болжээ. Зарим нь эхнэр олдохгүй байна, зарим нь хоёр талд амьдарч байна гэж ярьж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нэг онигоо байдаг шүү дээ. Хөдөө цөлжөөд байна гээд. Юугаар цөлжөөд байна вэ гэсэн, хүүхнүүдээр, гэрийн эзэгтэй нараар цөлжсөн байна гэж. Яагаад гэхээр, ганцхан эрэгтэй малчин 200-300 малыг ганцаараа харж байна. Заримынх нь эхнэр хүүхдүүдээ аваад төв дээр оччихсон. Ийм байдалтай байхаар “цөлжилт” явагдаж байна.

Энэ чинь Монголын мал аж ахуйн ирээдүй аюулд орж, устахад ойрхон болж байна гэсэн үг шүү  дээ. Залуу малчид байхгүй болж байна. Малаа мэдэхгүй болж байна. Тийм учраас би залуу малчиддаа хандаж “Хөдөө гар, машин тэргээ бага уна, морио уна” гэж хэлмээр байна. Өнөө жил зам хаагдахад мотоцикль, машин явахгүй, морь тэмээ хоёр л маш их хэрэгтэй байсан. Тийм учраас залуу малчдаа морио сайн унаж, малаа сайн өсгөөрэй гэж хэлье.

-Малчид малаа мотоциклиэр туудаг болсон нь малын үржил шимд нөлөөлөх үү?

-Нөлөөлнө шүү дээ. Амьд малыг амьд малаар хариулах шиг жаргал байхгүй. Одоо чинь техник морьтой адил ядраад байна гээд зогсохгүй шүү дээ. Бензинийг нь л хийчихвэл явна. Надад бас нэг хэлмээр юм байдаг.

-Юуг тэр вэ?

-Хөдөө залуус “Миний мал хүрэхгүй байна. Би 300 малтай, ядуу байна” гээд бодоод байдаг. Тэр бол буруу. Яагаад вэ гэвэл, бензин хийгээд, техникээр хонио хариулаад, олсон мөнгөө эргээд бензиндээ зарцуулчихаж байгаа болохоор хэрэглээ нь өндөр болчихдог.

-Малчид уламжлалаараа мал сүргээ морио унаад хариулаад болдог л байсан биз дээ?

-Намайг 2000 онд хөдөө гарч ирж байхад дан мориор л малаа хариулдаг байсан. Зарлага гардаггүй байсан, машин тэрэг унадаггүй, тэрэнд бензин үрдэггүй байсан. Тийм учраас уламжлалаа хадгалж морь л унах хэрэгтэй.

-“Шинэ хоршоо”-нд хамрагдсан уу?

-Хамрагдаагүй. Сая хамрагдъя гэсэн чинь 200-аас доош хонин толгойд шилжүүлсэн малтай улсууд орно гэсэн, тэгээд орж чадаагүй.

-Хөдөө ер нь эзгүйрэхгүй гэх баталгаа алга. Төр засгаас энэ талаар ямар арга хэмжээ авбал ононо гэж та хэлэх вэ?

-Эзгүйрч байна. Байгаа малчид нь өөрсдийнхөө байгаль орчныг сайн хамгаалж чадахгүй, гаднаас цалин авч, хүний мал авчирч хараад, тэр нь бэлчээр талхлана, худаг уснаас эхлээд бүх юмыг нь эзэмшдэг байхгүй юу. Хамгийн гол нь адуу орж ирсэн ч, хонь орж ирсэн ч тэр айлын хавийн бэлчээрийг бүгдийг дуусгадаг. Тийм учраас би нийт малчдадаа “Хүний малыг битгий ав аа” гэж хэлмээр байна. Энд бүр Хөвсгөлөөс ирсэн айл байна. Тийм учраас байгаа байгаа газрынхаа бэлчээр ус, байгалийг хамгаалах ёстой л гэж би боддог.

-Малчин удамтай юу? Аав, ээж тань та бүхэнд юу зөвлөдөг вэ?

-Тийм ээ. Ээж, аав хоёр минь одоо хүртэл малаа маллаж байна. Аав маань 70, ээж минь 65 хүрч байна.  Малч ухаанаар, манай аав ээж хоёр хөрөнгө мөнгө зөвлөдөггүй. Байгальтайгаа сайхан харьц, малаа сайхан өсгө. Өсгөхдөө таваарлаг, ашиг шим ихтэй байлгах хэрэгтэй. Арван сүүгүй үнээ байснаас таван сайхан сүүтэй үнээтэй байх хэрэгтэй гэдэг. Үнээгээ байнга саагаад байхад сүү ордог байхгүй юу.

Тэгэхэд одоо манай энд 100 үнээ тугалуулчихаад, үнээгээ ч саахгүй, зүгээр л өсгөхийг бодоод байдаг. Тэрийг юунд зарах вэ, яаж ашиг шим авах вэ гэдгээ мэдэхгүй хүмүүс байна. Хамгийн гол нь, малчин хүний хүүхдүүд л малыг зөв хариулдаг. Тэрнээс зүгээр мал өсгөе гээд хөдөө гарч байгаа хүн зөндөө бий л дээ. Хүнээс мал худалдаж аваад, хөдөө гарч амьдраад, шууд өсгөөд, огцом ашиг олно гэж боддог байх. Үгүй л дээ. Ер нь малчин хүн малын олон цөөндөө биш, хамгийн гол нь байгалиа хамгаалж л мал сүргээ өсгөх хэрэгтэй.

-Бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг таны бодлоор яаж шийдвэл зүйтэй вэ?

-Таваарлаг малтай болох, байгаль орчноо сайхан хамгаалах, бэлчээрээ сайхан хамгаалахыг л зөвлөнө дөө.

-Цаг зав гаргаж, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдаж чадаж байна уу?

-Миний хувьд сая хоёр жил маш сайн хамрагдсан. Бидний үеийнхнийг эрсдэлтэй гэдэг утгаар маш их үзлэг оношилгоонд хамруулсан. Бусад үед нэг их үзлэг оношилгоонд хамрагдаад байдаггүй. Малчид ер нь адилхан. Мал нь л эрүүл байвал өөрсдөө эрүүл байдаг шиг байгаа юм. Мал нь уруудвал бас дагаад уруудна.

-Салхи шуургатай үед ч амаргүй байх?

-Хэцүү хэцүү. Би нутгийн удирдлагууд, сум орон нутгийн дарга нарыг хөдөө мэддэг, хүн байгалиа мэддэг тийм л хүн сонгогдоосой гэж боддог. УИХ-д ч тэр малчдын төлөөлөл, хөдөөний амьдрал сайхан мэддэг тийм хүмүүс гараасай гэж боддог. Хамгийн гол юм чинь хөдөө аж ахуй, мал, малчин, байгаль. Байгалийг хэн сүйтгэдэг вэ гэвэл байгаль мэдэхгүй хүмүүс л сүйтгэдэг. Малчид бол байгалиа сүйтгээд байна гэж байхгүй.

-Сонгосон УИХ-ын гишүүд нь таны төлөөлөл болж чадаж байна уу?

-Чадахгүй байна. Сум орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд малчдын төлөө юм хийдэггүй. Уул усыг нь ухаж төнхөөд, ашиг шимийг нь авдаг. Би жоншны баяжуулах үйлдвэрт дөрвөн жил ажиллаж үзсэн. Алтыг нь аваад, авдрыг нь хаяна гэдэг шиг л орхичихдог юм билээ. Яг л өөрсдийнхөө ашгийг хардаг юм билээ.

Мэргэжлийн хяналт ирдэг, хэлдэг, бодвол мөнгө төгрөгөөр зохицчихдог л байлгүй дээ. Манай Түмэнд усны нөөц маш их багассан. Усны шинжээчид ирээд хэлээд байгаа юм. Усны нөөц багассан байна, ойрын 50 км-т байхгүй болж байна. Энэ уул уурхайг болиулаач ээ. Та нар сумандаа амьдарч байж гээд хэлээд байдаг.

Миний бодлоор байгаль орчноо сайхан хамгаалах л юм бол бусад юм болно шүү дээ. Байгаль орчинд ээлтэй байж л байгаль өгөөжөө өгнө. Өвс тэжээлээ ургуулна. Ашиг шимээ өгнө. Байгаль сэргэж байж мал эрүүл саруул өснө.

Манай нутагт 81 төрлийн ургамал ургадаг байсан. Тэр ургамлуудыг мал идээд, бид эрүүл амьдарч байсан байна шүү дээ. Одоо тэдгээр ургамлуудаас миний мэдэхээр цөөхөн л ургаж байна. Тэр ургамлуудыг идэхгүй болохоор малын маш олон янзын өвчин дэлгэрч байна. Тийм учраас “Бүгдээрээ байгалиа хамгаалаарай” л гэж хэлэх байна даа.

-Баярлалаа. Танд амжилт хүсье.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу