Монгол Улс өнгөрсөн 28 жилийн хугацаанд, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн Монголын 30 гаруй мянган иргэн, тэр дундаа ОХУ-аас цагаачлан ирсэн иргэдийг цагаатгасан байна. Бид энэ талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ТАСС-ын сурвалжлагчид мэдээлсэн талаарх мэдээллийг “БИДНИЙ ТУХАЙ” буландаа онцоллоо.

Тус комиссоос мэдээлснээр, Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Түүнээс хойш ОХУ-аас цагаачлан ирсэн буриадуудыг оролцуулаад, нийт 31400 хүнийг цагаатгасан байна.

Монголын Үндэсний музейн өмнө 1997 онд тэдгээр хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан, хөшөө босгожээ. Монголын эрх баригчид болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэрхүү хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг.

Тэдний дунд буриад үндэсний хувцастай, аав, өвөөгийнхөө гэрэл зургийг барин ирсэн иргэд байсан нь нүдэнд содон тусав. Хэлмэгдүүлэлтэд өртсөн буриадууд XIX зууны сүүлч XX зууны эхээр Хаант болон Зөвлөлт Оросоос Монгол руу нүүж ирсэн байна. Орос хэл сайн мэддэг, европ боловсролтой тэдгээр цагаачид социалист шинэ улс болох БНМАУ-ыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

БНМАУ-ын удирдагч Хорлоогийн Чойбалсангаар ахлуулсан ЗХУ-ын зөвлөхүүдийн удирдлага дор байгуулагдсан онцгой комисс 1936-1939 онд 25588 хүнийг яллаж, 20099-д нь цаазаар авах ял оноожээ. Тухайн үед Монголд хилс хэрэгт хэлмэгдэгсдийн тоо ЗХУ-ын үеийнхээс давсан байна.

“БНМАУ-ын газар зүйн атлас”-ын анхны эмхэтгэгчдийн нэг, Оросын эрдэмтэн Андрей Симуков буюу “Шар” Дамдинсүрэн (монголчууд ийн нэрлэж байжээ.орч) ч хэлмэгдүүлэлтэд өртжээ.

Симуковын охин буриад хүнтэй гэрлэсэн бөгөөд түүний эцэг эх болон овгийнхон нь “Октябрийн хувьсгалаас зугтсан хүмүүсийг илчилсэн цагаан хамгаалагчид” гэх хэргээр хэлмэгдсэн байна.

1990-ээд оны эхэн үеийн хэлмэгдүүлэлтэд өртөж хэлмэгдэгсдийн үр сад тус улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын тэргүүнээр тодорсон, Симуковын ач хүү Санжаасүрэнгийн Зориг, Улаанбаатар хотын захирагч асан Эрдэнийн Бат-Үүл, Монголын анхны ардчилсан Засгийн газрын Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн, Монгол Улсын Засгийн газрын Санжийн Баяр нар юм.

undefined

Wikipedia.org-т мэдээлснээр, Андрей Дмитриевич Симуков буюу “Шар” Дамдинсүрэн Зөвлөлтийн монголч эрдэмтэн, газарзүйч бөгөөд 1923-1939 онд Монголд амьдарч байжээ ().

Тэрбээр 1927-1939 оны хооронд хээрийн судалгаа, шинжилгээний 15 ангийг удирдан ажиллахдаа Монголын нутгаар 70 мянган км зам туулсан байна.

Хангай, говийн физик газар зүйн судалгааг хийж, анх удаа газрын зураг дээр хэд хэдэн уул нурууг тэмдэглэж, байгалийн үндсэн бүсүүд, хэвтээ босоо шугамын хуваарилалтыг тодорхойлон, бүсийн үндсэн ургамал амьтныг цогц байдлаар илрүүлэн ургамал болоод хөхтөн амьтны тархацын газрын зургийг гаргажээ.

А.Д.Симуков анх Монголын физик-газар зүйн бүсчлэлийг санал болгосон байна. Тэрбээр газар зүйн ландшафтыг улс орны эдийн засагт ашиглах арга замыг хайх ёстой гэж үзсэн бөгөөд Монгол нутгийн бэлчээрийг анх удаа эрдэм шинжилгээний үүднээс тодорхойлж, бүтэц, шим тэжээлт байдлыг газар зүйн байрлалтай уялдуулан авч үзжээ.

Тэрбээр монгол хэл сайн сурснаас гадна тайван, амгалан, нийцтэй, алиа хошин зантай нэгэн байсан аж. Улаанбаатарт байх гэрээр нь хөдөөний найз нар нь байнга зочилж, “шар Дамдинсүрэн, өндөр Дамдинсүрэн” гэх мэтээр нэрлэдэг байжээ.

А.Д.Симуков 1939 онд эх орондоо буцах болж, БНМАУ-д арван хоёр жил ажилласан тайлан, газар зүйн хэлтсийн 15 жилийн ажлын үр дүнгийнхээ тайланг бичиж эхэлсэн байна. Тэрбээр голдуу орос хэлээр бичсэн гол бүтээлүүдээ эх орондоо хэвлүүлэх бодолтой байжээ.

Харамсалтай нь, 1939 оны есдүгээр сарын 19-нд түүнийг Зөвлөлтийн Дотоод хэргийн Ардын коммисаруудын газар /НКВД/-ын Тусгай хэлтсийн ажилтнууд баривчилж, “гадаад улсын тагнуул хийсэн” хэргээр буруутгаж, “ард түмний дайсан” хэмээн зарлаж, тусгай хамгаалалт дор Зөвлөлт рүү авч явж, Улаан-Үд хотын шоронд хорьжээ.

А.Д.Симуковыг 1941 онд Новосибирск, Архангельскээр дамжуулан, Коми АССР-ийн Абезийн “Печора лагерь”-т шилжүүлсэн бөгөөд 1942 оны дөрөвдүгээр сарын 15-нд “зүрхний дутагдлын улмаас” тэндээ нас барсан байна. 1956 оны арванхоёрдугаар сард түүний хэргийг “бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж, бүрэн цагаатгажээ.

Эх сурвалж: TASS, WIKIPEDIA.ORG
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу