Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар О.Магнай, Э.Болорчулуун, Ц.Шижир, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Г.Идэрчулуун, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Б.Бямбацогт, Х.Саруул нарт холбогдох хэргийг шүүгдэгч Г.Идэрчулууны өмгөөлөгч Я.Баярсайхан, Ж.Гантулга, шүүгдэгч Ш.Ядамдоржийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүгдэгч Э.Болорчулууны өмгөөлөгч К.Бауиржан, шүүгдэгч Ц.Шижир, шүүгдэгч О.Магнайгийн өмгөөлөгч Т.Баясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2024 оны есдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцжээ.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хэргийг сануулбал, ШӨХТГ-ын дарга асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа хурандаа Б.Цогжаргалд хөндлөнгөөс нөлөөлж, шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн нар Баянгол дүүргийн нутагт Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итаны хөрөнгөө оруулж барьсан 11 давхар шилэн фасадтай, дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг 723 саяар үнэлэн, иргэн С.Отгонжаргал (О.Магнайгийн ээж)-ын “Дархан цамхаг” компанид шилжүүлсэн.

Дээрх гадаадын иргэнд О.Магнай 2014 онд 300 мянган ам.доллароор зарсан газар дээрээ барилга бариулчихаад, ийнхүү үнэлүүлж, шилжүүлэн авахад шийдвэр гүйцэтгэгч нар албан тушаалаа ашиглан оролцсон хэрэгт холбогджээ.

Үүнээс гадна нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулууны хэргийг О.Магнайгийн үйлдэлд нэгтгэн шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, ШӨХТГ-ын дарга байхдаа О.Магнай түүнд нөлөөлж, ээжийнхээ эзэмшлийн “Баянцамхаг” ХХК-д Баянзүрх дүүргийн I хорооны нутагт 896 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх хууль бусаар олгуулсан хэрэгт хамтран оролцсон гэж яллагдагчаар татагдсан юм.

Харин Газрын албаны дарга Э.Болорчулууны хувьд Ц.Шижиртэй хамт Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын газраас дур мэдэн “Нармон” ХХК, авга дүү Б.Бямбацогт тэргүүтэй хүмүүст олгосон, усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглох заалтыг зөрчин “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн нэр дээр байсан, Сүхбаатар дүүргийн нутаг дахь 6750 ам метр талбайн хэмжээг нэмэгдүүлж, 12 649 болгож, газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан гэх зэрэг цөөнгүй үйлдэлд яллагдагчаар татагдсан билээ.

Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас О.Магнай, Э.Болорчулуун, хурандаа Б.Цогжаргал тэргүүтэй 11 хүнд Эрүүгийн хуулийн 13.5-3.1-т заасан албаны эрх нөлөөг ашиглаж бусдыг заналхийлсэн, 17.3-2.2-ын бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, 18.6-1 дэх хэсгийн мөнгө угаасан, худал мэдүүлэг өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тус шүүх эл хэргийг энэ оны нэгдүгээр сард хэлэлцээд, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан. НПГ-ын хяналтын прокурорууд түүнийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байв.

О.Магнай, нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, өдгөө ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж буй хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн билээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу