Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн давж шатны шүүх хурал өнөөдөр /2024.09.12/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд өглөө 09:00 цагт эхэлжээ.

Шүүх хурлын эхний өдөр шүүгдэгч нарын өмгөөлөгчид давж заалдах гомдлоо танилцуулж,  Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг цагаатгуулах хүсэлт гаргажээ.

Хуралд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын дөрвөн шүүгдэгч хорих ангиас оролцож буй аж.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, И.Даваадорж, Б.Отгонжаргал, П.Бадамханд, О.Дагвадорж, Б.Эрдэнэбаяр, Х.Батхишиг, Т.Түвшинбаатар, Г.Гантөмөр, О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч нарт ял оноосон.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу гурван жилийн хорих ял, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, 11 хүнд торгуулийн ял оногдуулсан. Мөн Т.Аюурсайханаас 1.8 тэрбум, Б.Ганхуягаас 9.9 тэрбум төгрөгийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхээр болсон юм.

Тухайн шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу