УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.04.10) болсон. Хурлаас гаргасан шийдвэрийг бүлгийн гишүүд танилцуулж байна.

Өнөөдрийн хурлаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.  

Энэ талаар ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар “2022 онд эдийн засаг 4,8 хувиар өслөө. Цар тахлын өмнөх буюу 2019 оноос хойш Монгол Улсын эдийн засаг 1,7 хувиар өссөн гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бид эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.

Манай улсын эдийн засгийн гол түнш болох БНХАУ-ын эдийн засаг өсөх төлөвтэй байгаа учраас үүнийг дагаад манай улсын эдийн засаг 2023 онд дор хаяж зургаан хувиар өснө. Тэгэхээр энэ боломжийг сайн ашиглаж, зөв бодлого явуулах шаардлагатай.

Хөрөнгө оруулалтын болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд өргөн мэдүүлэхэд гишүүд санал нэгдлээ. Энэ чиглэлээр бид ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Дэлхий даяар бодлогын хүүг өсгөчихсөн, хямд эх үүсвэртэй зээл олгох боломж буурсан байгаа энэ үед гаднын хөрөнгө оруулалтыг сайн татаж байж Монгол Улс хөгжих нь ойлгомжтой. Тиймээс хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. 

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Нүүрсээс гадна зэс, цайр, жонш гээд экспортын голлох бүтээгдэхүүнийг биржээр зарна.

Хөдөөгийн иргэдийн бодит орлого өнгөрсөн онд 15.6 хувиар буурсан байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас тодорхой арга хэмжээг авсны үндсэн дээр мах, арьс ширний экспорт нэмэгдэж байгаа. Тэгэхээр цаашид эдийн засгийн бодлогоо зөв болговол хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Энэ онд өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.

Мөн эдийн засаг нь цар тахлын өмнөх үед хүрээгүй байгаа гурван салбар байна. Уул уурхай, барилга, тээврийн салбарууд цар тахлын өмнөх хэмжээндээ очоогүй. Тиймээс бид үүнд анхаарах ёстой гэж үзэж байгаа” гэлээ. 

Мөн тэрбээр “Төсөвт тодотгол хийх талаар гишүүд хөндсөн. Үүнд тайлбар хэлэхэд, төсвийн орлого нэмэгдэхэд төсөвт тодотгол хийдэг хууль эрх зүйн орчин манайд байхгүй. Зөвхөн орлого буурах үед зардлыг танах зориулалттай төсвийн тодотгол хийх хууль эрх зүйн орчин үйлчилдэг” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу