УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.04.10) боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар гишүүд мэдээлэл хүргэж байна.

Хэвлэлийн хурлын эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн хурлаар Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хуулийн төсөл болон Улс төрийн намын тухай хуульд АН болоод АН-ын бүлгээс баримтлах байр суурийн талаар мэдээлэл сонслоо.

Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй удаж байгаа. Манай бүлгийн Ш.Адьшаа гишүүний өргөн барьсан хоёр хувилбар бий. Төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээдүүд төрийн өндөр албан тушаалд томилогдохгүй байх, төрөөс баталгаа гаргасан хөнгөлөлттэй зээл, гэрээнд оролцохгүй байх тухай заалт бүхий хуулийн төсөл байгаа юм. Гэхдээ зарчмын хувьд зөв хэрнэ цаана нь нягтлах ёстой зүйл заалтууд бий. Үүнийг бид хэлэлцсэн.

Мөн Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч ойрын үед өргөн барих гэж байгаа. Ерөнхийлөгч өөрөө үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч учир энэ хуульд парламентад суудалтай болоод парламентын гадна байгаа улс төрийн намууд өндөр оролцоотойгоор саналаа өгч, нэгтгэж, зарчимд нь нэгдэж байвал өргөн барина гэсэн. Тиймээс бид Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа намын тухай хуулийн төсөлд ямар санал өгөх талаараа хэлэлцлээ. 

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт бид ээлжит бусаар хуралдаж, бүлгийн шийдвэр гаргаад олонхын саналаар Сонгуулийн хуулийн 48:28 хувилбарыг өргөн барьсан. Энэ талаар мөн хэлэлцлээ” гэлээ.  

Үүний дараа Нийтийн албаны ашиг сонирхлын тухай хуулийн талаар УИХ-ийн гишүүн Ш.Адьшаа “Энэ хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад энэ долоо хоногт хэлэлцэх гэж байгаа. Миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд 2022 онд эл хуулийг өргөн барьж, хоёр удаа хэлэлцүүлж, УИХ-ын чуулганаар дэмжигдсэн. Энэ хуулийн төслийг зайлшгүй баталж гаргах шаардлагатай байгаа юм. 

Улс төрдөөр дамжуулж ард түмний боломжийг хулгайлдаг энэ асуудалд бид дүгнэлт хийхэд улс төрд нөлөө бүхий этгээдүүд өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, төрөөс баталгаа гаргасан зээл тусламжид хамрагдаж, төрийн өндөр албан тушаалд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг тавиулж байна. Тиймээс энэ гаж тогтолцоог засах нь зайлшгүй шаардлагатай байгаа юм” гэлээ.  

Харин Улс төрийн намын тухай хуульд гишүүд дараах байр суурийг илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Улс төрийн намын хуульд заасан тодорхой хэмжээний дутуу зохицуулалтын улмаас олон зүйл ойлгомжгүй байлаа. Төрийн байгууллагаас тамга хэвлээд өгчихдөг. Энэ бүх зөрчлүүд маш хүндрэлтэй байдлыг авч ирсэн. Тиймээс тодорхойгүй байгаа олон зүйл заалтыг засаж, нэмж тусгах талаар бид саналаа хүргүүлэх гэж байна” гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монголд нам мафийн системд орчихсон байгаа. Намаас болж сүүлийн 30 жил улс оронг сүйрүүлж байгаа. Улсаа сүйрүүлж байгаад ч хамаагүй сонгуульд ялдаг ийм л аюултай тогтолцоо байна. Үүнийг засаж залруулна гэж бодож байгаа. Монгол Улсын эзэн бол ард түмэн байх ёстой. Гэтэл одоо нам болчихсон байна. Намын ард байгаа хэдэн луйварчин дарга нарыг хазаарлах заалтыг хуульд тусгах ёстой. Жирийн гишүүд дэмжигчдийг намын шийдвэр гаргах хэмжээнд хүчтэй оролцуулдаг, нам шийдвэр гаргахдаа гишүүд, дэмжигчдийнхээ заавраар гаргаж, дараа нь хэрэгжилтийн үйл явцаа гишүүддээ тайлагнадаг болох, намд ард түмэн буюу гишүүд нь хариуцлага тооцдог болох ийм механизмыг оруулахгүй бол нам биднийг сүйрүүлээд дуусгаж байна. Намын дарга өөрсдийгөө нам, улс гэж бодох хэмжээнд хүртлээ даварч байгаа. 

Нам өмчгүй байх ёстой. Өнөөдөр төрийн  өмчийн газруудыг нам нэртэй хэдэн луйварчид барьцаалж авч өөрсдөө хагарлаа баяжиж байна. Мөн сонгуулийг зохион байгуулалттайгаар хийдэг. Ингэснээр монголын ард түмэн сонгуульд цөөнх болж хувирдаг. Энэ гажуудлыг арилгахын тулд намын тухай хуульд анхаарах хэрэгтэй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу